“Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх” хөтөлбөрт 30 сумын 3800 хүүхдийг хамруулжээ

Монголын мэдээ | Боловсрол
ariunzaya@montsame.mn
2018-08-10 17:21:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Японы “Нийгэм хөгжлийн сан”-гийн санхүүжилтээр “Хүүхдийг ивээх сан”, БСШУСЯ хамтран “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг  амжилттай хэрэгжүүлжээ.

Дээрх төслийг Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Архангай аймгийн 30 суманд хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд 96 өдрийн  “Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнд 3800 хамрагджээ.

БСШУС-ын сайдын тушаалаар “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” батлагдаж тус төсөл нь 21 аймагт хэрэгжих боломж бүрдсэн байна. Төсөл үргэлжилснээр сургууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй дөрвөөс таван настай хүүхдүүд эцэг, эхийн тусламжтай гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролыг олж авах юм байна.

Хүүхдийг ивээх сангийн боловсролын хөтөлбөрийн менежер Ц.Гэрэлтуяа хэлэхдээ,“Хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн танин мэдэхүй болон хэл ярианы чадварууд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийнхээс илүү байна гэдэг нь Дэлхийн банкнаас судалгаагаар тогтоогдсон” гэв.

Тус хөтөлбөр нь эцэг, эхэд зориулсан “Та өөрөө багш гарын авлага”, Хүүхдэд зориулсан “Би чадна” гарын авлага, эцэг эхийн сонсдог ном, миний номын өргөө зөөврийн ном,  тоглоомын багц зэргээс бүрджээ.
   
    У.Түвшинбаяр
Холбоотой мэдээ