И.Сталины нүүрний хэвийг 17,3 мянган ам.доллароор худалдан авчээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-10 17:32:32
ЛОНДОН. /ТАСС/. Иосиф Сталины нүүрний хэв Их Британийн “The Canterbury Auction Galleries” дуудлага худалдааны газраас 17,3 мянган ам.доллароор зарагджээ. Сталины нүүр болон гарын хүрэл цутгамал хэвийг худалдан авсан хүний нэрийг дурдаагүй байна.
 
Дуудлага худалдааны газрын мэдэгдсэнээр, хэвийг тус улсын иргэн дуудлага худалдаанд тавиад удаагүй байсан бөгөөд тэрбээр анх өвөөгийнхөө байшингийн дээврээс уг хэвийг олжээ. Түүний өвөө нь далайн худалдаачин байсан аж.
 
Цутгамал хэвийг үнэлэхэд хэцүү байсан хэдий ч өмнө нь И.Сталины ийм маягийн өөр нэгэн хэв 6 мянган ам.доллароор зарагдаж байсан аж. Уг хэвийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос улсын Дүрслэх урлагийн академийн дэд ерөнхийлөгч байсан алдарт уран барималч Матвей Манизер бүтээжээ.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ