“Нүүдэлчин Монгол 2018” наадам нээлтээ хийлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2018-08-11 12:10:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол 2018” наадмын албан ёсны нээлт өнөөдөр Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.

Нээлтийн үеэр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг болон ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн соёл урлаг, спортын алдартнууд үндэсний хувцсаараа гоёж жагслаа.



Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Өв соёлөө өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах нь аль ч улс орны өмнө тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улс өнгөрсөн онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталсан. Ингэснээр өв соёлоо хамгаалах томоохон боломж нээгдсэн юм. Нөгөөтэйгүүр бид 2009-2015 онд Морин хуур, Уртын дуу, Тууль, Цуур, Үндэсний их баяр наадам зэрэг 14 өв соёлоо ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүллээ. Өнөөдрийн энэхүү наадам Монгол түмний соёлын өвийг хойч үедээ түгээн дэлгэрүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх болно” хэмээв.



"Нүүдэлчин Монгол 2018" наадам маргааш буюу энэ сарын 12-нд өндөрлөнө. Өнөөдөр 21 аймаг, есөн дүүргийн урлагийн тоглолт, Үндэсний сур харваа, шагайн харвааны тэмцээнүүдээр үргэлжилнэ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ