Архангайн ИТХ шөнөжин хуралджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 11:55:15

Архангай аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан нутгийн захиргааны ордны хурлын их танхимд 12 дугаар сарын 3-ны бага үдийн 11.00 цагт эхэлж, амин чухал 8 асуудлыг хурц ширүүн хэлэлцэж, мөн сарын гэгээ шарлах 5 цаг 14 минутад өндөрлөв.

Уг хуралдаанд МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон С.Дамбий, МАН-аас 14, ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 19 төлөөлөгч оролцож байр сууриа илэрхийлж, оюун ухаанаа сорьлоо. Харин төлөөлөгч Б.Жавхлан /МАН/ өвчтэй учир, Б.Булганчимэг /Ардчилсан нам/ чөлөө авч отгон хуралдаандаа ирсэнгүй. 94,5 хувийн ирцтэй эхэлсэн энэхүү хуралдаан сөрөг хүчний сүртэй дуу хоолойгоор халуухан нээгдлээ. Хуралдаанд уламжлал ёсоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, ЗДТГ-ын хэлтэс тасгийн дарга мэргэжилтнүүд, ИТХ-ын ажлын албаныхан, сумдын Засаг дарга нар болон хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч зураглаачид цаг заваа гарган идэвхитэй хамрагдсаныг тэмдэглүүштэй. 
МАН-ын дарга Ц.Мөнхнасан аймгийн Засаг даргыг огцруулах тухай 16 төлөөлөгчийн гарын үсэг бүхий албан шаардлагыг /анхан шатны/ шүүхийн шийдвэрийн хамт уншиж танилцууллаа. Харин ИТХ-ын дарга Ч.Мөнхбат уг асуудал давж заалдах шатны шүүхэд байгаа. ИТХ-ын тэргүүлэгчид хамтын шийдвэр гаргадаг. Хамтын шийдвэрийг буруу гэж үзэхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр гараагүй болохоор бид аймгийн Засаг даргыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэх учиргүй гэж бодож байна -хэмээн шаардлагыг хүлээн авсангүй. 
Төлөөлөгч Б.Өсөхбаяр, Ё.Баатарбилэг нар хуралдаанд оролцогчдыг үг хэлэх боломжоор хангах шаардлагатай. Сумдын хүмүүсээр үг хэлүүлэх хэрэгтэй гэсэн санал гаргаж хураалгахад 20 төлөөлөгч дэмжсэнгүй. 
Ингээд төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгтэйгээр хуралдааныхаа дэгийг баталж, ажлын хэсэг, хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах болон тооллогын комиссуудыг хэлэлцэн баталж тус бүр дээр тогтоол гаргав. 
Хэрүүл маргаан, мэтгэлцээн дагуулсан энэ хуралдаанд хэлэлцүүлэхээр 10 асуудал оруулснаас аймгийн Засаг даргыг огцруулах, ИТХ-ын төлөөлөгчид дотор давхар дээлтэй байгаа 5 хүний асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж олонх шийдвэрлэлээ. 
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2015 онд зохион байгуулсан ажлын тайлан, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, 2015 оны төсвийн тодотголын тухай, эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвийн тухай, ирэх онд ойгоос хэрэглээний мод галын түлш бэлтгэх хэмжээг тогтоох, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмчийн албаны энэ оны тайлан, ирэх жилд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах, 2016 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар тогтоох зэрэг 8 асуудлыг ажил хэрэгчээр хэлэлцэж, хэдийгээр МАН-аас нэр дэвшиж сонгогдсон 14 төлөөлөгч хуралдааны дундуур, өөрөөр хэлбэл, 2016 оны 12 дугаар сарын дөрөвний шөнө хэвийх үед 30 минутын завсарлага авч намынхаа бүлэг дээр хуралдсаны дараа их танхимд орж ирээд, энэхүү хуралдаанд оролцох боломжгүй, санал өгөхгүй гээд хуралдаанаас гарлаа. 
Гэвч аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат төлөөлөгчид байхгүй ч гэсэн хурал орхиж гарсан тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцно гэж дэг дээр бичээстэй. Ердийн олонх болохоор хурлаа үргэлжлүүлье -гэж төлөөлөгчдөд хандав. 
Төлөөлөгч Ж.Ариунаагийн тавьсан хүсэлтийн дагуу МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн  араас Ч.Мөнхбат дарга уулзаж эв эеэ олохоор гарсан боловч тэднийг олсонгүй, утсаа авахгүй байна гэсээр орж ирлээ. 
Хурлын ирцийг дахин бүртгэхэд ердийн олонх буюу 51.4 хувьтай байсан тул уг хуралдаан шөнийн дөрвөн цаг 23 минутаас үргэлжлэн хуралдаж, төлөвлөсөн асуудлуудаа цаг алдалгүй хэлэлцлээ.

Архангай аймаг. Л.Булган   

 

Связанные новости