Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдрал, улс төрийн үйл хэргийг дурсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-11 14:37:17

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пэлжидийн Гэндэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний Музейд нээлтээ хийлээ.

БСШУЯ, П.Гэндэнгийн нэрэмжит сан, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивын ерөнхий газар хамтран Монгол Улсын 9 дэх Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдрал, улс төрийн үйл хэргийг дурсан санаж “Пэлжидийн Гэндэн-120 жил” үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, эрдэмтэн Ч.Дашдаваагийн бүтээл “П.Гэндэн Коментернд” шинэ номын нээлтийн ёслолыг тус тус зохион байгуулж олон нийтэд толилуулж байгаа юм.   

Үзэсгэлэнд П.Гэндэнгийн хэрэглэж байсан бягтруул хөгжим, орос дуран, ташуур, герман буу, ширээ, үнсний сав, асаагуур зэрэг эд өлөг, 50 гаруй түүхэн ховор гэрэл зураг тэр дундаа анх удаа нийтэд толилуулж буй зургуудыг ч дэлгэжээ. Мөн П.Гэндэнгийн амьдрал, үйл хэргийг судалсан эрдэмтдийн бүтээл ном багтжээ.

Эрдэм шинжилгээний хурлаар нийт 9 илтгэлийг эрдэмтэд олон нийтэд нээлттэйгээр хэлэлцүүлэв.

Пэлжидийн Гэндэн нь 1895 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төржээ. Тэрбээр малчин ардын эгэл жирийн амьдралд өсөж торнисон бөгөөд 1922 онд Монгол оронд Хувьсгалын үйл хэрэг мандаж, нутагт нь эвлэлийн үүр байгуулагдахад гишүүнээр элсч 1924 он хүртэл хошууны эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байгаад 1923 онд МАХН-ын гишүүн болсон байна. Улмаар 1924 онд хошууныхаа хурлаас АИХ-ын төлөөлөгчөөр сонгогдож анхны үндсэн хуулийг батлалцсан. Тэрээр их хуралд маш идэвхтэй оролцож хамгийн олон удаа асуулт асуусан байдаг. Тус хурлаас Улсын бага хурлын гишүүдийг сонгож, даргыг нь томилоход тухайн үед АИХ-ыг удирдаж байсан Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж санал болгосноор П.Гэндэнг Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар томилж 1928 он хүртэл ажиллажээ.1928 оноос МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, 1932 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч ЗХУ-д амрахаар яваад 1937 оны 7 дугаар сарын 10-нд эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагдан баривчлагдаж, 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ЗХУ-д цаазлагджээ.1962 онд П.Гэндэнгийн нэр төрийг цагаатгасан хэдий ч 1990 он хүртэл түүний нэрийг хэвлэл мэдээллээр дурдахыг хориглож байсан. 1956 онд ЗХУ-ын Дээд шүүх П.Гэндэнг цагаатгаж 1993 онд түүний охин П.Цэрэндулам амьдарч байсан байшинд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээжээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Связанные новости