М.Энхболд: Монгол Улс нийгмийг ардчилах үйл хэргээсээ олон талаар ухарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-12 13:08:23

МАН-ын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Тус намын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон намын дотоод асуудал зэрэг хэд хэдэн чиглэлд илтгэлийн гол агуулга төвлөрч байв. Тухайлбал, нийгэм эдийн засгийн хүрээнд олон мянган иргэн дундаж давхаргаас ядуу эмзэг бүлэг рүү шилжиж, улс орны хувь заяа эгзэгтэй агшинд тулж ирлээ.

Тооцоо судалгаагүй зарцуулсан их мөнгө, өр зээл улс орны эдийн засгийг тэтгэх бус, хямралт байдалд оруулж байна. Монгол өрийн хямрал нүүрлэсэн улс болж, гадаад өр 21.7 тэрбум ам.доллар буюу 42.7 их наяд төгрөгт хүрсэн. 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 10.1 сая ам.доллар болж 460 дахин буурлаа. Монгол Улсын итгэлийн индекс 109.8 байснаас 46.6 болж буурсан ба нийт өрхийн 40 гаруй хувь нь бага орлоготойд хамаарч байна. Жижиг бизнесийн өрхийн амьжиргаанд оруулах хувь нэмэр 60 хувиар буурлаа. 2012 онд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн 2 хүн тутмын нэг нь ажилд орж байсан бол энэ онд 5 хүний нэг нь ажилд орж байна. Манай улс нийгмийг ардчилах үйл хэргээсээ олон талаар ухарлаа хэмээн илтгэлдээ дурдсан юм.

Мөн Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа ч цаг хугацааны хувьд ч, хүлээн зөвшөөрөгдөх чанараараа ч уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд санал хураалтын хар машины дүнг гар тооллогоор давхар баталгаажуулах, намыг биш нэр дэвшигчийг сонгодог тогтолцоонд шилжих зэрэг асуудлыг тусгах нь зүйтэй гэжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости