Нью-Йорк хотод жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-13 13:49:07

НЬЮ-ЙОРК. /NHK/. АНУ-д лалын шашинтнуудыг оруулахгүй байх хэрэгтэй гэж тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп мэдэгдсэнийг лалын шашинтнууд эсэргүүцэн Нью-Йорк хотод жагсаал хийсэн байна.

“Times Squarе” талбайд болсон жагсаалд 300 гаруй хүн оролцсоны дийлэнх нь Пакистаны цагаачид байв.

Энэ сарын эхээр АНУ-ын Калифорни муж улсад лалын шашинтай хос залуус халдлага үйлдэж, 14 хүний амийг хөнөөсөнтэй холбогдуулан Трамп дээрх мэдэгдэлийг хийсэн билээ.

“Лалын шашинтнууд америк хүн мөн, лалын шашинтнууд террористууд биш” гэсэн самбар болон АНУ-ын далбааг барьсан жагсагчид Нью-Йорк хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар алхсан байна.

"Лалын шашин болон хүчирхийлэл хоорондоо ямар ч холбоогүй. Лалын шашинтай хүмүүс мөн л америк бөгөөд АНУ тэдний гэр нь юм" гэж жагсаалд оролцож буй нэгэн эмэгтэй хэлэв.

Трампын хийсэн уг мэдэгдэл дотоод, гадаадынхны олон шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Трампын хийсэн уг мэдэгдэл түүний улс төрийн карьер болон сонгуулийн кампанит ажилд нь хэрхэн нөлөөлөх эсэх талаар хэвлэлийнхэн шуугиж байна.

Д.Нямтулга

Связанные новости