Засгийн газрын хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-15 14:23:52

Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг боловсруулна

Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа. 

УИХ-аас 2006 онд батлан гаргасан Санхүүгийн түрээсийн тухай хууль нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын хамтаар Монгол Улсад санхүүгийн түрээсийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуулиар санхүүгийн түрээсийн тодорхойлолт, түрээсийн зүйл байж болох эд хөрөнгө, түрээслэгч, түрээслүүлэгч болон гуравдагч этгээдийн эрх, үүрэг зэрэг онцлог зохицуулалтыг нэвтрүүлсэн боловч санхүүгийн түрээсийн зах зээлийн өсөлт, хөгжилд төдийлөн нэмэр болж чадахгүй байна. Иймд  Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, түрээсийн харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхолд нийцүүлэх, улмаар санхүүгийн түрээсийн харилцааг бүрэн гүйцэд, зүй зохистой зохицуулах шаардлагын үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн түрээсийн харилцаа болон санхүүгийн түрээсийн гэрээний тодорхойлолтыг салгаж, ойлгомжтойгоор тодорхойлох, хуульд байх шаардлагагүй, тусгайлан харилцаа зохицуулаагүй, салаа утгатай зүйл заалтыг хасах, санхүүгийн түрээсийн гэрээг барьцаалах болон талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх харилцааг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтыг оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн түрээсийн эрх зүйн зохицуулалт илүү уян хатан болж, үйлчилгээний хүрээ, хүртээмж, хэмжээ нэмэгдэхэд түлхэц болно. Хөдөө аж ахуйн болон улирлын шинж чанартай аж ахуйн бусад салбарын онцлогийг харгалзсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх боломж нэмэгдэнэ. Санхүүгийн түрээсийн зах зээлийн хөгжил түргэссэнээр эдийн засаг дахь санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, аж ахуйн нэгж, иргэдийн орлого, ажил эрхлэлтийн өсөлтөд дэмжлэг болно гэж үзэж байна.

ТОВЧ МЭДЭЭ:

- 2015 оны 11 дүгээр сарын 22-24-нд ОХУ-ын Чит хотод зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

- Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгав.

- “Дотоод аудитын дүрэм”-ийг баталлаа. Уг дүрмийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт тус тус үүрэг болголоо.

- Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Архангай аймагт ажиллах үеэр бизнес эрхлэгчдээс гарсан саналын дагуу Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт 0802.90.10 кодтой Хуш модны үр-самар, самрын идээ гэсэн заалт нэмэхээр тогтлоо.

- “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын 2015-2018 оны соёлын солилцооны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. 

 

Связанные новости