Ахмет Давутоглу: Туркийн цэргүүд Иракт заналхийлээгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-16 10:42:47

АНКАРА. /Anadolu/. Башика хотод байгаа Туркийн хүчин Иракийн газар нутгийн бүрэн бүтэн байдалд ямар ч аюул заналхийлээгүй, харин терроризмтой тэмцэх хүчирхэг байгууллагыг илэрхийлж байна гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв.

Тэрбээр Болгарт хийх албан ёсны айлчлалынхаа өмнө Анкара хотын Эсенбога нисэх буудалд хэвлэлийн бага хурал хийжээ.

“Иракийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бид хэн бүхнээс илүү хамгаалж байгаа. Турк сайн санаа өвөрлөсөн гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Үүний нэгэн адил, Туркийн терроризмтой тэмцэх ажиллагааны зарчим ямар ч асуудалгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “Мосул хот болон Турк-Иракийн хилийг Багдад бүрэн хяналтдаа авч, “Лалын улс” болон Курдын Хөдөлмөрийн намын босогчдыг бүрэн устгаж чадвал бид Ирак руу цэрэг илгээх шаардлагагүй. Гэхдээ ийм өдөр ирэх хүртэл Турк үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байх болно. Тиймээс уг арга хэмжээг сөрөг талаас нь бодож, гомдоллох хэрэггүй” гэж мэдэгдсэн байна.

Уг асуудлаар АНУ-тай хийж байгаа нягт зохицуулалттай холбогдуулан тэрбээр, “Уг ажлын хүрээнд бид АНУ, Ирак, Иракийн Курд бүс нутгийн Засгийн газартай нягт зохицуулалт хийж байгаа. Уулзалт ч хүртэл хийж болно. Одоогийн байдлаар Туркийн байр суурийг бүх талд тодорхой тайлбарласан" гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Связанные новости