Сирийн энх тайван Асадаас хамаарах ёсгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-17 13:52:57

НЬЮ-ЙОРК. /Anadolu/.  Сирийн хямралыг төгсгөл болгож, энх тайван байдал тогтоох асуудал Ерөнхийлөгч Башар аль-Асадын хувь заяанаас хамаарч буй нь байж болшгүй асуудал гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэв.

“Ерөнхийлөгч Асадын ирээдүйг хэрхэн шийдэх нь Сирийн ард түмний хэрэг” гэж Нью-Йоркт хийсэн жилийн эцсийн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тэрбээр сэтгүүлчдэд хэлэв.

"Гэсэн хэдий ч, Сирийн хямрал, хямралыг зохицуулах асуудал ганц хүний хувь заяанаас хамаарч буй нь байж болшгүй хэрэг. Хүлээн зөвшөөрч болохгүй асуудал” гэж  Бан Ги Мүн үзэв.

Засгийн газраа эсэргүүцэгчдэд Асадын дэглэм хүч хэрэглэснээр 2011 онд эхэлсэн Сирийн дайнд 250 мянган хүний амь үрэгдсэн гэж НҮБ-аас мэдээлсэн билээ.

Мөргөлдөөнийг төгсгөл болгох төлөвлөгөө боловсруулах зорилготой дэлхийн орнуудын ээлжит яриа хэлцээ маргааш Нью-Йоркт болно гэж Бан хэлэв. Хэлэлцээний дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хурал болох юм.

Х.Аминаа

 

Связанные новости