Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 08:21:53

ОБЕГ-ын Дэд дарга, Онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг энэ сарын 16-ны өдөр Хэнтий аймагт ажиллалаа.

Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Шадар сайдын тушаалаар орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй байгаа баруун болон төв, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Эрүүл мэнд, спортын яамны холбогдох албаны хүмүүс багтаж байна.
Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллах үеэрээ оторын нутаг Хэрлэн Баян-улаан, Дэлгэрхаан, Хэрлэн сумдад ажиллалаа. Энэ үеэрээ цаг үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцон, зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүл тогтсон байдалтай байна. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байна.
Цаашдаа Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилтийн энэхүү хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс 1 аймагт дунджаар 150,0-250,0 сая төгрөг хуваарилахаар боллоо. Даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар малчдад очих улсын нөөцийн өвс, тэжээлийг үнэгүй олгох болон хямдруулах, хүн эмнэлэг, шуурхай албаны автомашинаар хангахад шаардагдаж байгаа 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлжээ.

О.Буянхишиг

Связанные новости