“Сонирхолтой статистик”-аар дамжуулан хүн ам, орон сууцаа тоолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 16:30:37

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна.

Үндэсний Статистикийн хороо Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогыг олон мянган тоологч, шалгагч нарыг 7 хоногийн хугацаанд өрх бүрээр явуулж мэдээллийг нэгтгэсэн.

Тэгвэл энэ удаагийн тооллогыг “Сонирхолтой статистик” хэлбэрээр явуулж буйг албаныхан дуулгалаа. Сошиал ертөнц болон цахим мэдээллийн хуудсуудаар “Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ” гэх сонирхолтой статистикаар дамжуулан хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулж буй аж.

Тодруулбал дээрх “Сонирхолтой статистик” хэлбэрээр http://e-registration.nso.mn/web хуудсаар Монгол Улсын иргэн регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч, таны амьдардаг баг, хороонд хөтлөгддөг “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулснаар энэхүү тооллогод шууд хамрах боломжтой юм байна.

Үүний зэрэгцээ тооллогын гэрээт ажилтан  өрхүүд рүү холбогдон “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шалган баяжуулж буй гэнэ.

Харин гадаадад байнга буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн www.nso.mn хуудасны http://e-census.nso.mn/web хаягаар орж тооллогод хамрах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

Дашрамд дурдахад иргэдийн  анхаарал татсан “Сонирхолтой статистик”-аар тооллого явуулсан нь цаг хугацаа, мөнгө хэмнэжээ.  

 Б.Заяа

Связанные новости