УИХ-ын 4 гишүүн Эдийн засгийг идэвхжүүлэх санал зөвлөмж гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-21 15:49:01

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Р.Амаржаргал, А.Бакей, Ц.Баярсайхан нар хамтран эдийн засгийг сэргээхийн тулд 2016 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлэх зарим санал, санаачлага, бодлогуудыг боловсруулах УИХ, Засгийн газарт өргөн барих болжээ.

Гишүүдийн өргөн барьж буй саналд Төрийн банкыг хувьчлах бус харин төр 51 хувийг эзэмшиж, 49 хувийг жижиг бизнес эрхлэгчдэд ижил тэнцүү хэлбэрээр хувьцаа болгон эзэмшүүлэх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих банк байгуулах, өр зээлийн төлөлтийг хөнгөвчлөх, Ахмад экспертүүдийн сан байгуулах, Гарааны зээлийн сан байгуулах, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрөө яаралтай гаргах зэрэг орсон байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, сангуудыг нэгтгээд ЖДҮ-ийг дэмжих банк байгуулбал Монголын бизнес эрхлэгчид ханддаг банктай болж, төр үйлдвэржилтийг дэмжиж, экспортоо нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Ингэхийн тулд төр өөрийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд арилжааны банкаар бус өөрийн банкаар дамжуулах нь ашигтай. 

Мөн өрөөс өр, хүүгээс хүү бодох арга хэмжээг зохицуулж, алтан аргамжаа буюу ахмад, дунд, залуу үеийн холбоог зохицуулах зорилгоор чадварлаг ахмад мэргэжилтнүүдээс бүрдүүлсэн Ахмад экспертүүдийн сан байгуулж, өөрийн туршлага, мэдлэгээ залуу үедээ түгээх боломж олгох хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Гарааны зээлийн санг орлогогүй залуу үедээ зориулж бий болгох саналыг мөн гаргасан. Өнөөдрийн байдлаар анхан шатанд иргэд ломбарднаас зээл авч амьжиргаагаа залгуулж байгаа. Гэтэл ломбардын ажиллагаа маш сул, хэн нэгний эд хөрөнгө алдагдах эрсдэлтэй, ломбардын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк бүртгэхгүй, хүүгийн төлбөр маш өндөр зэрэг доголдол байдаг. Тиймээс хоёр талын эрх ашгийг хангасан гэрээ байгуулах, ломбардны хүүд зохицуулалт хийх зэрэг ажил нэн шаардлагатай гэж үзжээ.

Үүнээс гадна зөвхөн Оюутолгой бус бусад чиглэлээр уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр, чиглэлээ яаралтай боловсруулах зэрэг саналыг гишүүд гаргаж байгаа аж. Хэрвээ үүнийг хэрэгжүүлбэл  2016 оны эхний хагас жилд Монголын эдийн засаг идэвхжинэ гэж үзэж байгаа юм байна.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл 14 хоног тутамд “Эдийн засгийн мэдээллийн цаг” уулзалтыг хийж байхаар төлөвлөжээ. Энэхүү мэдээллийн цагаар цаашид хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхайн салбарын талаарх мэдээлэл гэхээсээ илүүтэй эдийн засагт гарч буй өөрчлөлт, ялангуяа хүмүүсийн амьдрал, өрх, гэр бүлд эдийн засгийн нөлөө хэрхэн тусч байгаа асуудлыг онцлон авч үзэх юм байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Связанные новости