Азербайжан, Монголын агаарын тээврийн компаниудын төлөөлөгчид уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-22 10:29:24

БАКУ. /abc.az/. Азербайжан болон Монголын төлөөлөгчид уулзаж, иргэний нисэхийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлвийг хэлэлцсэн байна.

Азербайжаны “CJSC” агаарын тээврийн компанийн /AZAL/ ерөнхийлөгч Жахангир Асгаров Монголын агаарын тээврийн “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Т.Тамиртай Баку хотноо уулзжээ.

“Иргэний нисэхийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа, зорчигчид болон ачаа тээврийг нэмэгдүүлэх цаашдын төлөвлөгөө зэрэг асуудлыг уулзалтын үеэр хэлэлцсэн. “Торгоны их зам”-аар дамжин өнгөрдөг Азербайжаны газар зүйн таатай байршил зэрэг иргэний нисэхийн салбарт бий болсон дэд бүтцийг уулзалтын үеэр онцолсон бөгөөд уг дэд бүтэц нь өөрсдийн газар нутгаар дамжуулан Европ, Номхон далайн сав газрын орнууд руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сайхан боломжийг бидэнд олгох юм” гэж “AZAL” мэдэгдсэн байна.

“AZAL” болон “МИАТ” компанийн төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар уулзалтын үеэр тохиролцсон байна. Ажлын хэсгийн анхны уулзалт ирэх жил Улаанбаатар хотноо болох бөгөөд хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар дэвшүүлсэн тодорхой саналуудыг хэлэлцэнэ.

Д.Нямтулга

 

Связанные новости