Шинжлэх ухааны салбарын 2015 оны шагналыг Д.Дэмбэрэлнямбад хүртээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-22 12:16:14

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ.

Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан  “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд 3 дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 28-нд Төрийн ордонд болох бөгөөд 100 сая төгрөг төгрөг дагалдана. Уг шагналыг өмнө нь физикч Х.Намсрай, залуу инженер Н.Нацагням нар хүртэж байсан юм.

Б.Туул

Связанные новости