Энэ сард зургаан бага насны хүүхэд гал түймэрт өртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-22 13:30:51

Нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн хоёр дуудлага ирсний дагуу  аврах анги, гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч гал түймрийг унтраасан байна.

Энэ сар гарснаас хойш зургаан хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн л эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас болж өчигдөр гурван хүүхэд гал түймэрт өртөж түлэгдсэн байна. Сүхбаатар дүүргийн  есдүгээр хороо, Далангийн нэгдүгээр гудамжинд гэр шатсаны улмаас 31 настай, эрэгтэйн нүүр, баруун гар мөн, нэг нас гурван сартай, эрэгтэй хүүхдийн нурууны хэсэг түлэгдсэн байсныг ар гэрийнхэн нь ГССҮТ-рүү хүргэжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Намгийн нэгдүгээр гудамжинд гэр шатсаны улмаас дөрвөн настай, эмэгтэй хүүхдийн баруун гарын тохой түлэгдсэн байсныг эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ. Гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг иргэд, эцэг эхчүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Ж.Батсайхан

Связанные новости