Иракийн хүчин Рамади хотыг чөлөөлөхөөр давшиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-23 09:03:47

БАГДАД. /BBC/. Рамади хотоос “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг шахан гаргахаар Иракийн хүчин тус хот руу давшиж байна гэж албаны хүн мэдэгдэв.

Иракийн цэргүүд болон холбоотон дайчид АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилтын дэмжлэгтэйгээр Рамади хотын хоёр дүүргийг хяналтдаа оруулж, өөр хоёр дүүргийн хяналтыг эргүүлэн авахаар тэмцэж байна.

Тэд Засгийн газрын төв байрыг чиглэн давшиж байгаа боловч, амиа золиослогч, мэргэн буучидтай тулгарчээ.

Өнгөрсөн тавдугаар сард “Лалын улс”-ын босогчид Рамади хотыг эзлэн авсан нь Иракийн армийн хувьд ичгүүртэй ялагдал байсан юм.

Багдад хотоос баруун тийш 90 км зайд оршдог, суннитууд голдуу оршин суудаг уг хотыг Иракийн хүчин өнгөрсөн сард бүсэлж, тус хотын төвд байрлах “Лалын улс”-ын босогчид руу бусад газраас, тухайлбал, хөрш Сири болон Анбар мужаас ирэх холбоо, хангамжийг тасалсан байна.

Д.Нямтулга

 

Связанные новости