Ирак, БНХАУ таван санамж бичиг, хэлэлцээр байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-23 10:34:55

БЭЭЖИН. /Sputnik/. Цэргийн салбарт хамтран ажиллах, “Торгоны зам” эдийн засгийн бүсийг байгуулах тухай таван хэлэлцээр, санамж бичигт Ирак болон БНХАУ гарын үсэг зурлаа гэж Иракийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба өчигдөр мэдэгдэв.

Иракийн Ерөнхий сайд Хайдер Абади өчигдөр БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзсан байна.

БНХАУ-ын эдийн засгийн дотоодын боломжийг дахин чиглүүлж, Еврази болон Африк дахь олон улсын дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийх зорилготой “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдэх асуудалтай холбогдуулан Абади Хятадад айлчилж, хоёр улсын хоорондын анхны санамж бичгийг байгуулсан байна.

Азиас Ойрхи Дорнодоор дамжин Европ хүрэх хуурай замын “Торгоны зам” эдийн засгийн бүс болон БНХАУ-ын боомтуудыг Африкийн зүүн эрэгтэй холбож, Улаан болон Газар дундын тэнгисээр дамжин Европ хүрэх “Далайн торгоны зам” гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсгээс “Нэг бүс, нэг зам” санаачилга бүрдэж байна.

Хоёр улсын байгуулсан хоёр дахь санамж бичгийн агуулга нь эдийн засгийн хамтын ажиллагаа болон технологи солилцоонд чиглэжээ.

Мөн эрчим хүч, цэргийн хамтын ажиллагааны тухай хоёр санамж бичигт талууд гарын үсэг зуржээ.

Ирак болон БНХАУ хооронд дипломат паспортоор зорчдог хүмүүсийн визийн дэглэмийг халах тухай хэлэлцээр мөн байгуулсан байна.

Д.Нямтулга

 

Связанные новости