Татварын өршөөлийн хуулийн хугацааг сунгана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-23 13:34:15

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр орж ирсэн хуулийн төсөл юм. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр эдийн засгийн өршөөлийн хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах тухай асуудлыг тусгаад буй.

УИХ-аас энэ оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан ч Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангуулах журмаа хоёр сарын өмнө баталжээ. Иймд хуулийн хугацааг сунгах шаардлага үүссэн болохыг хэрэгжүүлэгч байгууллагынхан хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Улаан сунгалтын хугацааг хоёрдугаар сарын 20-ноор тогтоох болсон үндэслэлийг тодруулахад Сангийн яамныхан "IV улирлын тайланг хүлээн авах хугацаа иргэнийх хоёрдугаар сарын 15-наар, аж ахуйн нэгжийнх хоёрдугаар сарын 20-ноор дуусгавар болдог аж. Тиймээс дээрх хугацааг сонгосон" гэлээ.

Уг тайлбартай холбогдуулж Ч.Улаан, "Хоёрдугаар сарын 15-наар тогтоох нь зөв. Ингэхгүй бол бусад хуультай зөрчилдөж болзошгүй. Тиймээс хоёрдугаар сарын 15-наар хязгаарлах нь зүйтэй” гэв. Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав хуулийн хугацааг 6 сараар сунгах хувилбар байж болох саналтай байгаагаа хэлсэн.

Ингээд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжив.

Б.Туул

Связанные новости