УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-24 10:42:52

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Тус хуралдаанаар Зарим байнгын хорооны дарга нарыг сонгох тухай, Монголын Үндэсний Статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг нийт 14 асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Зургаан сарын дотор сонгуулийн тухай хуулиа хэлэлцэх ёстой. Цаг хугацаа шахуу байна. Иймээс байнгын хорооны даргыг сонгох асуудлын дараагаар сонгуулийн тухай хуулиа хэлэлцье" гэсэн саналтай байгаагаа хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Су.Батболд мөн зарим хууль тогтоолын төслийг хойшлуулж, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах боломжийг олгох ёстой гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд, "Бүх асуудал ач холбогдолтой. Гацууртын ордын асуудлаа шийдчихсэн бол 5 тн алт олборлосон байх байлаа. Хуулиа гаргахгүй бол тэнд 3 дахь хүн нь нас барлаа. Хууль гаргахгүй бол нөхцөл байдал хүндэрч байна. Иймээс хойшлуулах асуудал байхгүй" гэлээ. Ингээд хэлэлцэх асуудлаа батлав.

Б.Туул

 

 

Связанные новости