Цэцийн шийдвэр ББСБ-ын үйл ажиллагаанд ч нөлөөлсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-24 12:21:36

Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж чадаж байгаа эсэх, мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр санхүүгийн бусад салбарт хэрхэн нөлөөлж байгааг тус хорооны дарга З.Нарантуяагаас тодрууллаа. 

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байна уу?

-ББСБ-ын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Цэцийн шийдвэр зээлийн эргэн төлөлтийг найдваргүй болгож байна гэсэн үг л дээ. Ингэхээр санхүүгийн байгууллага доголдоно. Санхүүгийн байгууллага доголдоод ирэхээр салбар бүхэлдээ доголдоно. Цэцийн гишүүн найман хувийн орон сууцны зээлийн асуудалтай холбоотой нэг ч асуудлыг шийдээгүй гэж ярьсан. Гэтэл тухайн шийдвэр нь цаад утгаараа үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бүх зээлийг эрсдэлд оруулсан. Үгээр хөөж тайлбарлах, утгаар хөөж тайлбарлах хоёрын ялгаа амьдрал дээр өөр өөр байна.

-Одоогоор банк бус санхүүгийн байгууллагууд орон сууц барьцаалсан зээлээ зогсоосон гэж хэлж болох уу?

-Банк бол зогсоосон. Харин ББСБ-ын 90 хувь нь үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог. Гэтэл барьцаа нь шилжээд явчих боломжтой болсон учир зээлдэгч нар болгоомжилж байна. Болгоомжилж байгаа учир өөр төрлийн батлан даах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хайж эхэлнэ. Иргэний хуульд заасан пидуци, дэнчин, баталгаа гэх мэт аргууд байдаг. Гэвч  монголын нөхцөлд тэр бүр баталгаа гаргаад байх чадвартай айл байхгүй. Дэнчин гэдэг бол тодорхой мөнгөн хөрөнгийн урьдчилж тавьж байгаад дараа нь үүргээ гүйцэтгэж чадахгүй бол түүнийгээ өгдөг. Өнөөдөр бүх хүмүүс дэнчин тавьж чадахгүй нь ойлгомжтой. Хамгийн найдвартай нь үл хөдлөх хөрөнгийн барьцаа байсан. Гэтэл асуудалтай болчихсон учир иргэдийн зээл авах боломж хүссэн хүсээгүй хумигдаж эхэлнэ. Ямар нэг зүйл цөөрөөд ирвэл эрэлт нэмэгддэг зарчмаар зээлийн хүртээмж буурч, зээлийн хүүг нэмэх болов уу гэж харж байна.

-Өнөөгийн түвшинд хэдэн ХК үйл ажиллагаа явуулж байна вэ. Хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Хөрөнгийн бирж дээр 237 хувьцаат компани хувьцаагаа нээлттэй худалдаалах үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ нийт компаниуд хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэхэд учир дутагдалтай.

-Компаниуд ашигтай ажиллавал жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах ёстой. Гэтэл ихэнх компани ноогдол ашиг хуваарилахгүй байна. Энэ тал дээр хороо хэрхэн ажиллаж байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компаниудаас тайлан авдаг. Тайлангаар нь ногдол ашиг хэрхэн хуваарилаж байгааг хянадаг. Ногдол ашиг хуваарилах явдал үнэхээр хангалтгүй байгаа. 237 компаниас 20-30 нь ногдол ашиг хуваарилаж байгаа. Энэ нь юутай холбоотой байна вэ гэвэл эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад бүх компани ашигтай сайн ажиллаж чадахгүй байна. Зарим компани ашиг орлогоо нуух, бодитойгоор тайлан бүртгэлээ гаргахгүй байх хандлага ажиглагдаж байна. Тиймээс бид тайлан, бүртгэлээ нуусан тохиолдлыг олж, аль болох ногдол ашиг өгүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

-Тухайлбал, Улсын их дэлгүүрийг ногдол ашиг хуваарилахгүй байна гэсэн гомдлыг жижиг хувьцаа эзэмшигчид байнга гаргадаг?

-Улсын их дэлгүүр түрээсээр их орлого олдог. Гэхдээ энэ байшин барилгыг засварлах,  ашиглуулахад маш их зардал гаргадаг гэж манай хороонд мэдүүлсэн. Үнэхээр ийм зардал гарсан эсэхийг бүх групп, холдингийн хэмжээнд шалгаж байж нийтдээ 3,4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломж байсан юм байна гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ зарим нэг гэрээ, хэлэлцээр нь хууль эрхзүйн хувьд хүчин төгөлдөр байна уу, эсвэл тодорхой үйлдлийг халхавчилж хийсэн гэрээ байна уу гэдгийг хуулийн байгууллагаар тогтоолгох шаардлага гарсан. Тиймээс шалгуулахаар холбогдох газарт нь хандаад байна. Хэрэв тэдгээр гэрээг хүчин төгөлдөр гэрээ биш гэж үзвэл бидний тогтоосон ногдол ашгийг хуваарилах асуудал үүснэ. Санхүүгийн зохицуулах хороо бол гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр эсэх асуудалд тодорхойлолт хийх ямар ч боломжгүй. Ийм байх магадлалтай байна гэдэг дүгнэлтийг гаргаад шүүхэд өгсөн. Шүүх хурал удахгүй болох байх.

-Энэ бол зөвхөн нэг жишээ шүү дээ. Ер нь цаашид жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?

-Өнөөгийн үйлчилж буй хууль эрх зүйн зохицуулалтаар Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч тухайн компанийг шалгадаг, акт торгууль тавьдаг хэмжээнд ажиллаж байна. Бусад улсад хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах маш том хуультай. Санхүүгийн зохицуулах хороо нь зарим нэг хэргийг мөрдөн шалгах эрхтэй байдаг. Гэтэл манайд ийм эрх байхгүй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн бариулахаар бэлдэж байна.

Б.Туул

Связанные новости