55 сая 957.6 мянган толгой мал тоолуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-24 13:02:01

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай улс  55 сая 957.6 мянган толгой мал тоолууллаа хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ нь 2014 оноос 7.6 хувь буюу 3 сая 975.0 мянгаар өссөн байна. Тодруулбал адуун сүргийн тоо толгой 3294.6 мянга, үхэр 3779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24933.4 мянга, ямаа 23582.2 мянгад хүрч, 2014 оноос адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1718.6 мянга, ямаа 1573.3 мянган толгойгоор өсчээ.

Мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.8 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.6 хувь, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж, өмнөх оноос ямааны эзлэх хувь 0.2пункт, хониных 0.1 пунктээр буурч, адууных 0.1 пункт, үхрийнх 0.2 пунктээр өсчээ. Харин тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.

Малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өсчээ. Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад  малын тоо  хамгийн их буюу 280.7-399.5 мянгаар өссөн байна.

Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймаг, Улаанбаатар хот малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.

Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 аймагт Өвөрхангай 4 сая 511.0 мянган мал , Архангай 4457.0 мянган мал, Төв 4444.9 мянган мал, Хөвсгөл 4397.2 мянган мал, Баянхонгор 3771.8 мянган мал тоолуулжээ.

Б.Заяа

Связанные новости