Меркель Их Британийн тагнуулуудтай мэдээлэл солилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-24 13:02:13

МОСКВА. /Sputnik/. Германы Канцлер Ангела Меркель Их Британийн тагнуулын байгууллагуудтай Украин болон “Лалын улс” бүлэглэлийн тухай мэдээлэл солилцсон байна гэж “The Times” сонинд мэдээлжээ.

Их Британийн тагнуулын байгууллагууд “Лалын улс” бүлэглэлийн босогчдын заналхийллийн тухай мэдээллийг Меркельд өгч, Меркель хариуд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины байдлын тухайд мэдээллийг Их Британийн Аюулгүй байдлын алба, Тагнуулын нууц алба, Засгийн газрын харилцаа холбооны удирдах газарт өгсөн байна.

Мэдээлэл солилцох уг ажиллагаа өнгөрсөн сард Меркелийг Их Британид айлчлах үеэр болжээ. Уг нууц ажиллагаанд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Аюулгүй байдлын албаны ерөнхий захирал Эндрю Паркер, Их Британийн Тагнуулын нууц албаны дарга Алекс Янгер болон Засгийн газрын харилцаа холбооны удирдах газрын захирал Роберт Ханниган оролцжээ.

Германы Канцлер болон Их Британийн тагнуулын байгууллагуудын төлөөлөгч хооронд мэдээлэл шууд солилцох ажиллагаа тэр болгон болоод байдаггүй хэдий ч Их Британи болон Герман тусгай үйлчилгээний байгууллагууд хооронд мэдээлэл солилцох арга хэмжээ тогтмол болдог байна.

Д.Нямтулга

 

Связанные новости