Хамгийн олон мод таригчдыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 10:36:18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтээр мод тарих зарлигийн дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж гарч, 2015 онд аймгийн хэмжээнд “Дөчин мянган мод тарих” хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ. Уг арга хэмжээнд идэвхтэй оролцсон сум болон иргэдийг шинэ оны босгон дээр дүгнэн шалгарууллаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар 800 ширхэг мод, бут тарих ёстой байснаас 2040-ийг тарьсан Баруунбаян-Улаан, 15400 ширхэг мод бут тарих байснаас 18080-ыг тарьсан Арвайхээр, 5200 ширхэг мод бут тарих байснаас 6610 мод бут тарьсан Хархорин сум нь уг ажлыг хамгийн сайн зохион байгуулсан сумдаар шалгаран батламж, 300 мянган төгрөгөөр тус бүр шагнуулсан бол нийтийн эзэмшлийн талбайн мод, бутыг арчилгаа, усалгаагаар тордож, бусдад үлгэр дуурайлал үзүүлж чадсан 5 иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр шагнан урамшууллаа.

Дөчин мянган мод тарих хөдөлгөөнд нийт 427 аж ахуйн нэгж, байгууллага, 11567 иргэн оролцож 16125 ширхэг мод, 40928 ширхэг бут сөөг буюу нийт 57053 ширхэг мод бут тарьж 12500 м2 зүлэгжүүлэлт, 5400 м2 цэцгийн мандал байгуулсан юм. Тарьсан мод, бутнаас 42000  орчим нь бүрэн ургажээ.

Б.Батчимэг

Связанные новости