Эрүүл мэндийн даатгалын эрхээ гэр бүлийн гишүүндээ шилжүүлж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-04 12:19:58

УИХ-аар шинэчлэн баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Уг хуульд оюутнууд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлөхөөр болсон төдийгүй иргэд хэвтэн эмчлүүлэх эмнэлгээ өөрсдөө сонгон үйлчлүүлэх боломжтой болов. Оюутнуудын эрүүл мэндийн даатгал төлөх үйл ажиллагааг суралцаж буй сургууль дээр нь нэгдсэн журмаар зохион байгуулах аж.

Иргэн бүр Эрүүл мэндийн даатгалаараа жилд 1 сая 800 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Гэвч зарим иргэн энэ хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй байдаг бол нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгө зарцуулах хэрэгцээ бий болдог. Тиймээс шинэ хуульд иргэд дээрх эрхээ гэр бүлийн гишүүддээ шилжүүлэх боломж бүрдүүлж, өрхийн даатгалын харилцаа бий болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хорт хавдрын болон бусад өвчний үед хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийх протез, ортопедийн хэрэгсэлд шинжилгээ өгөх үнийг хөнгөлөх болжээ. Мөн өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг нь эрүүл мэндийн даатгалд хамруулах болжээ.

Ч.Ариунболд

Связанные новости