Куба, АНУ-ын их сургуулиуд хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
jargal@montsame.mn
2016-01-05 10:34:33

ГАВАНА. /TASS/. Кубын Гаванагийн их сургууль болон АНУ-ын Виржинигийн Хамтын нөхөрлөлийн их сургууль боловсролын салбарт сургалтын төвүүд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцжээ. Үүнтэй холбогдох суурь гэрээнд Америкийн Виржини муж улсын захирагч Терри Маколиффа Кубад айлчлах үеэрээ даваа гарагт гарын үсэг зурсан байна.

Уг баримт бичигт тусгаснаар, дээрх их сургуулиуд сургалтын материал, баримт бичиг, хэвлэл болон бусад мэдээллийг солилцоно, мөн зуны богино хугацааны сургалт хамтран зохион байгуулж, Америкийн оюутнуудад зориулж Гаванагийн их сургуульд улирлын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ, түүнчлэн багш, судлаачид, түшмэд, аспирантурт суралцагсдыг харилцан солилцоно гэж Пренса Латина агентлаг мэдээлжээ. Бараг гурван зуун жилийн түүхтэй Кубын хамгийн ууган сургууль болох Гаванагийн их сургууль Америкийн 45 их сургуулийг оруулаад дэлхийн 450 боловсролын байгууллагатай солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Д.Жаргал

 

 

Связанные новости