"Адилакс" Сайн үйлсийн аянд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ“Юнилевер" компанийн албан ёсны дистрибьютер “Адилакс” ХХК нь 2013 оноос Дархан-Уул аймагт ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн байгууллагууд болон зорилтот бүлгийн иргэдэд туслах ажлыг зохион байгуулж иржээ.
Эднийх тус аймгийн “Нарны хүүхдүүд” халамжийн төв, 13 дугаар цэцэрлэгийн “Ширээ нуруу”-н дахь салбар цэцэрлэг, “Нийгмийн үйлчилгээг-Танд” аяны хүрээнд ашиглалтад орсон орон гэргүй иргэдийн түр хоноглох байруудад ариун цэврийн хэрэглэл болох дөрвөн нэр төрлийн 300-500 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тус бүрт нь хандивлав.
“Нарны хүүхдүүд” халамжийн төвд амьдардаг эрх нь зөрчигдсөн болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд туслан асарч тэднийг хөгжүүлэх сургалт явуулдаг. Одоогийн байдлаар тус төвд 42 хүүхэд амьдарч байна. Энэхүү төвд хоол хүнс, хэрэглээний ус, дулаан зэрэгт зардал их гардаг. “Адилакс” ХХК-иас 300 гаруй мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүний тусламж өгсөн нь Сайн санаат хүмүүсийн ачаар багагүй мөнгө хэмнэж өөр хэрэгцээтэй зүйлд зориулах боломжтой болсноор уг төвийн бяцхан охин “Адилакс” ХХК-ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлээд эдгээр ариун цэврийн бүтээгдэхүүнийг ариг гамтай хэрэглэнэ гэлээ.
Энэ үеэр “Нарны хүүхдүүд” халамжийн төвийн авьяаслаг хүүхдүүд өөрсдийн урласан “Алунгоо эхийн хайчилбар”-ыг “ Адилакс” ХХК-ний хамт олонд дурсгалаа.
Б.Норовсамбуу