Герман “Торнадо” нисэх онгоцуудаа илгээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-06 12:49:36

БЕРЛИН. /Anadolu/. Сири, Иракт ажиглалт хийх 4 “Торнадо” нисэх онгоц Туркийн Инжирлик агаарын цэргийн баазыг зорьсон тухай Германы Зэвсэгт хүчин мэдэгдэв.

Германы хойд нутгийн Жэгел агаарын цэргийн баазаас 2 нисэх онгоц хөөрч, Герман-Люксембургийн хилийн ойролцоох Бучел агаарын цэргийн баазаас 2 нисэх онгоц хөөрснийг тус улсын Зэвсэгт хүчин цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Туркийн өмнөд нутгийн Адана хотын ойролцоо орших Инжирлик агаарын цэргийн бааз руу ирэх долоо хоногт 2 “Торнадо” нисэх онгоцыг нэмж илгээх юм.

“Туркт 1 дүгээр сарын 12-нд очих 2 нисэх онгоцтой нийлээд нийт 6 “Торнадо” нисэх онгоц  ажиглалтын даалгавар гүйцэтгэхэд бэлэн болно” гэж мэдэгдэлд бичжээ.

Энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн онгоцууд нислэг үйлдэж эхлэхийг Инжирлик агаарын цэргийн бааз дахь Германы агаарын цэргийн хүчний командлагч, бригадын генерал Андреас Шик мэдэгдсэн байна. “Нэгдүгээр сарын  дундуур ажиллагаагаа бүрэн хүчээр явуулж эхлэхийг зорьж байна” гэж тэрбээр хэлжээ.

Германы Зэвсэгт хүчний 210 орчим бие бүрэлдэхүүн одоогоор Инжирликт байрлаж, “Лалын улс”-тай тэмцэж буй агаарын цэргийн кампанит ажилд оролцож байна.

Х.Аминаа

 

Связанные новости