"Шинэ хөдөлгөөн" гэх байгууллагыг шалгуулахаар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-01-06 14:16:37

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас “Шинэ хөдөлгөөн” гэх байгууллагыг шалгуулахаар холбогдох газарт ханджээ.

Өнгөрсөн оны сүүлчээр Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн  барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг цэц хянан үзэж шийдвэрээ гаргасан. Уг шийдвэртэй холбоотой мэдээллүүд олноор гарч буй.

Тухайлбал, Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд Баянгол, Сүхбаатар дүүргийн зарим нутаг дэвсгэрт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын Бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байгаа гэнэ.

Иймд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгуулалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандсан байна. 

Б.Туул

Связанные новости