Сомали Ирантай дипломат харилцаагаа таслав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-08 12:03:32

МОСКВА. /Sputnik/. Ирантай дипломат харилцаагаа тасалж буйгаа Сомалийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.

“Ирантай дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргаснаа мэдэгдэхээр Могадишу хотод суугаа тус улсын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчийг дуудсан" тухайгаа Сомалийн Гадаад хэрэг, хөрөнгө оруулалтын дэмжлэгийн яам твиттер хуудсаараа мэдээлэв.

Ираны бүх дипломатч болон Элчин сайдын яамны ажилтнууд 72 цагт багтаан Сомалигаас гарах хэрэгтэйг Ираны Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчид   тус яам мэдэгдсэн байна.

“Улсын дотоод хэрэгт Иран хөндлөнгөөс оролцсоор байгаагийн” хариуд уг алхмыг хийж байна гэж Сомалийн Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.

Ойрхи Дорнодын бүс нутагт улс төрийн зөрчилдөөн газар авч буй энэ үед Сомали ийм шийдвэр гаргасан байна. Лалын шиитийн санваартан Нимр аль-Нимрийг Саудын Араб цаазаар авсанд хилэгнэсэн жагсагчид Тегеран болон Мешхеде хот дахь тус улсын консулын газарт халдсан билээ. Үүний улмаас Саудын Араб Ирантай харилцаагаа тасаллаа гэж даваа гарагт албан ёсоор мэдэгдсэн байна.

Саудын Араб, Бахрейн, Судан улс Ирантай харилцаагаа тасалсан бол Арабын Нэгдсэн Эмирт Улс Ирантай хийж буй дипломат харилцааныхаа түвшинг бууруулсан байна. Мөн Кувейт Иранаас Элчин сайдаа эргүүлэн татжээ.

 Х.Аминаа
 

Связанные новости