7000 аж ахуйн нэгж НӨАТ-ын шинэ системд шилжсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-08 13:08:12

НӨАТ-ын 2 хувийг иргэдэд буцаан олгох зохицуулалт бүхий НӨАТ-ын тухай хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийн талаар өнөөдөр Гааль, татварын ерөнхий газар (ГТЕГ), ШӨХТГ, МҮХАҮТ болон Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгүүдийн холбоо (МХЭАХҮНХ)-ны удирдлагууд мэдээлэл хийв.

Одоогоор www.ebarimt.mn цахим хуудсанд борлуулалтын 500 мянган баримт бүртгэгджээ. Зарим иргэн, аж ахуйн нэгжүүд худалдан авалтын баримтаа бүртгүүлснээр хууль, хяналтын байгууллагад дуудагдах, мэдээлэл алдагдах асуудал үүсэх магадлалтай гэсэн айдастай байгаа тул баримтаа бүртгүүлэхгүй байгаа талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн баримтыг Статистикийн газар, ГТЕГ, хэрэглэгч өөрөө л ашиглах боломжтой. Хууль, хүчний байгууллага ашиглахыг НӨАТ-ын тухай хуулиар хориглосон. Цаашдаа бусад холбогдох хууль, журамд ч энэ асуудлыг нарийн тусгах болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,Татварын ерөнхий хууль УИХ-д гацаанд орсон байна. Энэ хуулиудыг нэн даруй шийдэхгүй бол НӨАТ-ын хууль хэрэгжихэд саад учирна. Тиймээс дээр нэр дурьдсан хуулийг  нэн даруй баталж өгөхийг УИХ-аас хүсч байна” хэмээв.

ШӨХТГ-т НӨАТ-ын талаар хэд хэдэн гомдол иржээ. Тухайлбал, зарим дэлгүүр  лангуун дээр тавьсан барааны үнэд НӨАТ-аа оруулахгүй бичиж, тухайн бараа нь бусад дэлгүүрээс хямд мэтээр иргэдэд ойлгуулдаг байна. Иргэд тухайн барааг нь аваад кассанд бичүүлэх үед НӨАТ нэмснээр лангуун дээр бичсэнээсээ илүү үнэтэй болж иргэдийг хохироодог  байна. Мөн зарим бараагаа хямдарсан мэтээр худал үнэ бичиж иргэдийг хуурах асуудал ч үүсдэг аж. Энэ нь Хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд иргэнд 250 мянга, аж ахуйн нэгжид 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах тул НӨАТ-ын тухай хуулиа чанад мөрдөхыг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр анхаарууллаа.

Иргэн 2 хувийн буцаан олголтоо авахын тулд бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа тухайн аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт шаардаж авах хэрэгтэй гэдгийг МХЭАХҮНХ-ны Гүйцэтгэх захирал Ө.Батзаяа хэлэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.

-Хэдэн аж ахуй нэгж НӨАТ-ын системд шилжсэн бэ?

-Одоогийн байдлаар 7000 аж ахуй нэгж шинэ системд шилжсэн.

-Захын худалдагчдаас хэрхэн баримт авах вэ?

-Захуудад пост машин байрлуулж эхэлсэн. Иргэд худалдан авалт хийснийхээ дараа пост машинд очиж худалдан авсан лангууныхаа дугаар, худалдан авалт хийсэн мөнгөө дүнгээ оруулж баримт авна.

- www.ebarimt.mn цахим хуудсанд баримт бүртгүүлж болохгүй байна гэсэн гомдол ирсэн. Систем хэвийн ажиллаж байгаа юу?

-Систем хэвийн ажиллаж байгаа. Цахим хуудсанд зэрэг олон хүн хандах, тухайн хэрэглэгчийн өөрийнх нь интернэтийн хурд хангалтгүй байх зэргээс шалтгаалан бүртгүүлэх явц удаашрах магадлалтай. Гэхдээ бүх баримтыг бүртгэнэ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости