Дундговь аймаг аварга тэмээчнээ шалгаруулдаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-08 13:30:14

Тэмээн сүргээ тогтвортой өсгөж, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулахад санаачлагатай хөдөлмөрлөж байгаа малчдаа урамшуулах зорилгоор Дундговь аймаг  аварга тэмээчин шалгаруулах боллоо. 

Аварга тэмээчин шалгаруулах журмыг аймгийн Засаг даргын захирамжаар баталсан байна. Журамд аварга тэмээчин шалгаруулах арав гаруй шалгуур үзүүлэлтийг тусгасан  бөгөөд эдгээрийг хангасан 3 хүртэлх тэмээчинг сар шинийн баярын өмнөхөн шалгаруулдаг байх ажээ.

Тухайлбал,тэмээн сүргээ сүүлийн 3 жилд тогтвортой өсгөж, хорогдол гаргаагүй, төллөх ээлжийн ингэ бүрээс ботго бойжуулсан, нэг тэмээнээс ашигласан сүү, ноосны гарц тухайн орон нутгийн ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байсан, сүү, сүүн бүтээгдэхүүнээ сумынхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн хэрэгцээнд нийлүүлсэн, тэмээ маллах арга туршлагаа залуу малчдад эзэмшүүлсэн, тухайн жилдээ сум, багтаа тэмээнийхээ тоо толгойг хамгийн олноор өсгөсөн, малгүй өрхийг малжуулж, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан зэрэг шалгуурыг голложээ.  

Энэ жилийн сар шинийн баяраар анхны аварга тэмээчид тодорно. Аварга тэмээчдэд өргөмжлөлийг дагалдан 500 мянгаас 1сая төгрөгийн мөнгөн урамшуулал очих юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

Связанные новости