Аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөөг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-08 15:38:18

Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, авран хамгаалах арга замыг тодорхойлсон нийслэлийн аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө”-г баталлаа.

Дэлхийн томоохон хотууд эдийн засгийн гол тулгуур болсон аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг эрсдлээс хамгаалах зорилгоор менежментийн төлөвлөгөө батлан, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэйгээ хамтран хэрэгжүүлдэг.

Энэхүү төлөвлөгөө нь аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж болох газар хөдлөлт, объектын түймэр, үер, хүний халдварт өвчин, хүчтэй салхи, химийн болон цацрагийн осол, ой, хээрийн түймэр, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гэсэн төрлөөр эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийн өмнө, эрсдлийн үед болон дараа нь авах арга хэмжээг тодорхойлсноороо чухал ач холбогдолтой юм. Учир нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жилд дунджаар 2000 орчим аюулт үзэгдэл осол тохиолдож байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, хүн амын эрчимтэй өсөлт, хэт төвлөрлийн улмаас нийслэл хотод тохиолдох аюулт үзэгдэл, ослын давтамж, түүнд өртөх эмзэг байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

УИХ-аас баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-д байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар тусгасан бөгөөд дээрх төлөвлөгөө нь нийслэлийн хэмжээнд нэг салбараар онцолсон анхны ажил болж байгаа юм. Төлөвлөгөөний төслийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгАвстрали болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ижил төрлийн менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулжээ.

Ж.Болор

Связанные новости