“Монголын сайхан бичигтэн”-ий шилдгүүд гадаадад үнэгүй аялж, их, дээд сургуульд төлбөргүй суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-11 14:45:47

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг энэ жил 19 дэх удаагаа зохион байгууллаа.

Өнөөдөр Монголын Уран зургийн галерейд болсон тус уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцов.

Тэрбээр хэлэхдээ, “Монгол түмний бүтээсэн гайхамшигт өв соёл, түүнийг өдий болтол авч яваа Монголын ард түмэн, монголчуудын хамгийн том бахархал бол монгол бичиг. Монгол бичиг бол гайхамшигай эрчим хүчийг агуулдаг. Энэ нь өөрөө урлаг. Монгол бичиг Монгол Улсыг бүрхэх болтугай гэсэн хөтлөгчийн ерөөл биелэх болтугай.

Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үйлсийг тасралтгүй авч яваа, олон жилийн уламжлалтай  МОНЦАМЭ агентлагийн хамт олон, “Хүмүүн бичиг” сониныхон, монгол бичигт хайртай, дуртай энэ бичгийг дэмждэг  бүх хүнд талархал илэрхийлье” гэв.

Энэ удаагийн уралдаанд 21 аймаг, нийслэлийн дүүргээс 1000 гаруй хүн оролцсоноос хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 90 настай С.Жигмэдсүрэн, Булган аймгийн Тэшиг сумын тавдугаар багийн иргэн А.Морхоо, Төв аймгийн Батсүмбэр сумын өндөр настан Т.Батбаяр, хамгийн балчир оролцогч нь Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн 3 дугаар ангийн сурагч Э.Бүрэнжаргал нар байв. Урьд жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн уран бичигтнүүд илүү хариуцлагатай, томоохон чанартай бүтээлээр өрсөлдсөнийг зохион байгуулагчид онцолж байна.

Уралдааны төрөлд энэ жил "Сайхан бичигтэн анги” хэмээх шинэ ангиллыг нэмж оруулжээ. Мөн тэргүүн байр эзэлсэн оролцогч гадаадад аялах эрхтэй байснаараа онцлог байв.

19 дэх удаагийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээс гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Баярцогт, Г.Уянга, “Ш.Лувсанвандан сан”, ахлах дипломатч Г.Луузан, Ц.Намчин, жүжигчин Р.Анхням нар өөрсдийн санаачилгаар ивээн тэтгэсэн.

Тус уралдааныг Б.Ойгонгэрэл захиралтай “Жем интернэйшнл” ХХК 6 дахь жилдээ ивээн тэтгэн, Бүтээлийн ангилал болон Мэргэжлийн багш нарын төрөлд тэргүүн байр эзэлсэн 5 оролцогчийг  БНХАУ-ын ӨМӨЗО-нд аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулав.

Уралдааны шагналтнуудыг танилцуулж байна.

12 дугаар ангийн сурагчын ангилалд тэргүүн байрыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар сургуулийн сурагч М.Ганбагана, нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт Ухаа” цогцолбор сургуулийн сурагч М.Буянхишиг, Дархан-Уул аймгийн 29 дүгээр сургуулийн сурагч Л.Шинэбаяр, Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор нэгдүгээр сургуулийн сурагч С.Янжиндулам нар тус тус эзэлж 2016-2017 оны хичээлийн жилд МУИС-ийн Монгол хэл соёлын сургууль, МУБИС-ийн Монгол судлалын сургуульд урилгаар суралцах эрхийн бичиг гардав. Гуравдугаар байрт Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Х.Баасанжаргал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Баасандэмбэрэл нар шалгарлаа.

Уран бичлэгийн төрөлд тэргүүн байрыг “Бичиг соёл боловсрол” төвийн уран бичээч Э.Одбаяр, дэд байрыг чөлөөт уран бүтээлч Б.Алтантуяа, гутгаар байрыг Монгол урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач, уран бичээч О.Ням-Очир, тусгай байрыг Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Намуун, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, “Ариг Монгол Хаад” жуулчны баазын ажилтан Ж.Жамбал нар тус тус хүртэв.

Бүтээлийн төрөлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн Монгол хэл уран зохиолын багш Ж.Гэрэлмаа, дэд байрт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн технологийн багш Т.Батжаргал, тусгай байрт Дархан-Уул аймгийн “Жигүүр” цогцолбор сургуулийн технологийн багш Г.Эрдэнэтөгс, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын, 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарсан юм.

Мэргэжлийн багш төрөлд тэргүүн байрт Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” ахлах сургуулийн МХУЗ-ын багш Б.Даваадолжин, дэд байрт “Бичиг соёл боловсрол” төвийн багш Э.Анхбаяр, гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш А.Баянжаргал, тусгай байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар сургуулийн багш О.Оюунтунгалаг, ХБК-ийн багш Т.Цолмон нар шалгарав.

Насанд хүрэгчид төрөлд тэргүүн байрыг Орхон их сургуулийн МХУЗ-ын багшийн 4 дүгээр ангийн оюутан Б.Сувд, дэд байрыг МУИС, эх бичиг судлалын 4 дүгээр ангийн оюутан Н.Бямбасүрэн, гутгаар байрыг   Хэнтий аймгийн Чингис хотын иргэн Ш.Бат-Эрдэнэ, тусгай байрыг Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн МХУЗ-ын багшийн 2 дугаар ангийн оюутан Шимамура Шо, Өвөрхангай Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн бага ангийн багш Д.Нарантуяа нар тус тус эзлэв.

Сайхан бичигтэн анги төрөлд тэргүүн байрт Баянхонгор аймгийн  Баянцагаан сумын сургуулийн О.Болормаа багштай 10-ын “б” анги, хоёрдугаар байрт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хатанбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн Э.Ариунтунгалаг багштай 9-ын “а” анги, гутгаар байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р сургуулийн М.Мягмарсүрэн багштай 8-ын “б” анги тус тус шалгарав.

Дунд сургуулийн сурагчид төрөлд тэргүүн байрт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 жилийн 10 дугаар ангийн сурагч Х. Түвшинтүлхүүр, Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Л. Болор-Уянга, хоёрдугаар байрт нийслэлийн Радуга сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Буянзаяа, Архангай аймгийн Хайрхан сумын бүрэн дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагч Э.Амаржаргал, гутгаар байрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ч.Хулан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Үй Цай” сургуулийн 7 дугаар ангийн сурагч А.Солонго, тусгай байрт нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Номундаринаа, Төв аймгийн Алтанбулаг сумын 7 дугаар ангийн сурагч Т. Галбадрах нар тус тус шалгарлаа.

Мөн Ш.Лувсанвандан багшийн сангийн нэрэмжит шагналаар нийслэлийн СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн Монгол хэлний багш Д.Жавхлан, ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналаар Өмнөговь аймгийн  Мандал-Овоо сумын 9 жилийн дунд сургуулийн багш Э.Баттогтох, Л.Энх-Амгалан гишүүний нэрэмжит шагналаар Хөвсгөл аймгийн  Галт сумын бүрэн дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш А.Цэрэнхүү, Г.Уянга гишүүний нэрэмжит шагналаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн багш Б.Пүрэвсүрэн, ахмад дипломатч Ц.Намчины нэрэмжит шагналаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Монгол бичгийн сургалтын төвийн багш Д.Нямдорж, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагч Э.Энхжин, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналаар Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн наймдугаар ангийн сурагч Э.Мянганзаяа, Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Төгөлдөр нарыг тус тус шагнаж урамшуулав.

Энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн дэлгэж, толилуулсан юм. Бүтээлийн ангилалд ирүүлсэн модоор урласан “Номын авдар”, адууны толгойгоор урласан уран сийлмэл үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа. Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн технологийн багш Т.Батжаргалын бүтээл адууны толгойгоор урласан уран сийлмэл нь эвхмэл тигээр  “монгол” хэмээн бичиж, тойруулан битүү сийлбэрлэжээ. Тэрээр, Монгол хүн, морь, монгол бичиг салшгүй холбоотой гэсэн утгаар энэхүү бүтээлээ бүтээсэн гэж байв.

Монголын сайхан бичигтнүүдийн бүтээлийн үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости