Тогтоолын өөрчлөлтөөр 8 сар хүртэл хүүхдийн мөнгийг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-12 12:35:35

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төсөлд нийт өрхийн 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох асуудлыг тусгасан юм.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу 2012 оны сүүлчээс эхлэн хүүхэд бүрт хишиг хувь хүртээж ирсэн ч эдийн засгийн хүндрэлийн улмаас энэ оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшиний зөвхөн 1-17 дугаар бүлгийн хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ эрх баригчид энэ шийдвэртээ өөрчлөлт оруулахаар тогтсон тул өнөөдөр уг асуудлыг нэн яаралтай дэгээр хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Таван хүүхэдтэй айл байлаа гэхэд сар бүр 100 мянган төгрөг байх нь. Үүний оронд төр иргэдээ ажилтай орлоготой болгоход чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж ирэх байсан юм. Цаашид энэ чиглэлийн бодлогоо барьж ажиллах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хүүхдийн мөнгийг МАН-ын бүлэг өмнө нь хасах хэрэггүй гэсэн байр суурьтай байсан гэдгийг тодотгоод тогтоолын төслийг дэмжиж байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт, "Зурагт хөргөгчтэй гээд хүүхдүүдийг ялгаварласан тухай яриа нийгэмд байна. Энэ нь үнэний ортой юу" гэсэн асуудлыг тодруулсан. Ажлын хэсгийн зүгээс, "2010 оноос хойш өрхийн мэдээллийн санг бүрдүүлж эхэлсэн. Түүнээс хойш аргачлалыг нь шинэчилж, 3 бүлэг 55 асуумжаар өрхийн мэдээллийн санг бүрдүүлж байгаа. Энэ сан нь зөвхөн хүүхдийн мөнгө олгоход чиглэсэн сан биш. Өрхийн асуумжинд хариулсан байдлыг харж, боловсрол, эрүүл мэнд гэх зэрэг нийгмийн асуудлыг хааш нь хэрхэн чиглүүлж авч явах вэ гэдгийг тодорхойлж байхаар тооцож хийсэн ажил.

Одоогийн байдлаар нийт өрхийн 14 хувь нь хүүхдийн мөнгө авахааргүй байгаа. Эдгээр айл өрх нь өөрсдөө мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзсэн эсвэл шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлээгүй байгаатай холбоотой юм. Энэ сангийн судалгаа нь албадан судалгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн санаанд зурагттай юу, хөргөгчтэй юу гэх зэрэг асуулт их тод үлдсэн шиг байгаа юм. Түүнээс биш олон асуулгыг тухайн үед нь тавьсан. Энэ тал дээр бид ч гэсэн боломжийн хэрээр тайлбар өгч байгаа" гэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Хүүхэд бүрт хувь хишиг хүртээх энэхүү тогтоолоо эргүүлэн татаж, төсвийн тодотголтой хамт Засгийн газар яаралтай өргөн барих хэрэгтэй" гэсэн саналтай байгаагаа хэлэхэд Сангийн сайд Б.Болор, "Энэ оны төсөвт хүүхдийн мөнгийг суулгасан. Тогтоолд өөрчлөлт орсноор 8 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг олгох боломжтой. Ер нь бол тодотгол хийх нь зайлшгүй" хэмээн хариулав. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонх "Чуулганаар хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ.

Б.Туул

Связанные новости