Хэнтий аймгийн “2015 оны 9 алдартан”-ыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 14:55:14

Хэнтий аймгийн нийгэм улс төр мэдээллийн тогтмол хэвлэл “Хэнтийн мэдээ” сонин аймгийнхаа “Оны 9 алдартан”-ыг анх удаа шалгаруулан өргөмжлөх гэж байна.  

Улиран одож буй хөхөгчин хонин жилдээ Хэнтий аймагт үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй Улс төрийн салбар, Боловсролын салбар, Урлаг соёлын салбар, Спортын салбар, Төрийн захиргааны салбар, Төрийн үйлчилгээний салбар, Бизнесийн салбар, Эрүүл мэндийн салбар, Эрчим хүчний  салбар, Хууль эрх зүй, Үйлчилгээний салбар, Дэд бүтцийн салбар Банк, санхүүгийн салбар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар, Байгаль орчны салбар,Уул уурхайн салбар, Хяналт, шалгалтын байгууллага ХАА, газар тариалангийн салбар, Хэвлэл мэдээллийн салбар ТББ-ууд зэрэг 20 албан байгууллагаас ажил үйлс, амжилт бүтээлээрээ бусдыг манлайлсан, Хэнтийчүүдийн анхаарлын төвд байж тэдний хүндэтгэлийг хүлээсэн шилдэг 9 эрхмийг шалгаруулан сар шинийн баярын босгон дээр олон түмэнд зарлан өргөмжлөх юм байна.

Мөн ‘Оны 9 алдартан”-д нийгмийн бүхий л салбараас нэрийг нь дэвшүүлэхээс гадна цахим хэлбэрээр нээлттэй нэр дэвшүүлж болох юм. Тус нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 2016 оны 1-р сарын 11-с 13-ныг хүртэл 3 хоног үргэлжлэн дуусна. Дараа нь нэр дэвшигчдийг сонин, сайтаар олон нийтэд танилцуулж санал авах ажиллагаа эхлэх юм. Энэхүү санал асуулгын үйл  ажиллагааг тусгай журмын дагуу явуулах бөгөөд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дуусч нэр дэвшигчдийн нэрс сонин, сайтад танилцуулагдсанаар санал авах үйл ажиллагаа эхэлнэ. Нэр дэвшигчдийг цагаан толгойн үсгийн дэс дарааллаар танилцуулах аж.

Дэмжигчдийн саналыг Аймгийн сонины уншигчдийн ирүүлсэн санал /сонины хайчилбар/, дэмжиж байгаа 9 хүртэл хүний өмнөх дугаарыг дугуйлж сонины хайчилбараа редакцид ирүүлэх, олны танил, нэр хүндтэй 50 эрхмийн жагсаалтыг редакцийн бодлогоор гаргаж тэдний саналыг авах, Эх орон 21.мн сайтаар өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчид саналаа нээлттэй өгөх, нэг Facebook хаягнаас нэг л удаа саналаа өгөх, 19001515 тусгай дугаарт дэмжиж байгаа хүнийхээ хувийн дугаарыг илгээх, 155488 тусгай дугаарт дэмжиж байгаа хүнийхээ хувийн дугаарыг илгээж санал өгөх боломжтой. Эдгээр 5 саналын дүнг нэгтгэн эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Уг арга хэмжээг Хэнтий аймгийн нийгэм улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл Хэнтийн мэдээ сонин, Эх орон 21.мн сайт / ekhoron21.mn /, Өндөрхаан телевиз хамтран зохион байгуулах юм.
Мөн санал авах хугацаа энэ сарын 14-өөс 2-р сарын 1 хүртэл үргэлжилж ирэх сарын 02-оос 05 хүртэл санал нэгтгэн дүн гаргах бөгөөд  ирэх сарын 06-нд “Оны 9 алдартан”-ыг шалгаруулж өргөмжлөл гардуулах аж.

О.Буянхишиг

 

Связанные новости