Америкийн иргэн Хэнтийн хоккейн багийг дасгалжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 10:17:48

АНУ-ын иргэн Лислэй Эберсол /Lesley Ebersole/-ын дасгалжуулсан Хэнтий аймгийн баг тамирчид 1-р сарын 13-18-нд Сэлэнгэ аймгийн Шарын голд зохиогдох Хоккейн УАШТэмцээнд оролцохоор өчигдөр Хэнтий нутгаас мордлоо.

Тус тэмцээний Хэнтий аймгаас ахлах насанд 12 тамирчин, бага насанд 8 тамирчид өрсөлдөх юм.

Монгол орныг зорих иргэд, аялагч жуулчдын цуваа жилээс жилд тасралтгүй үргэлжилсээр байна. Тэд Монголд ирээд түүх дурсгал, байгалийн сайхныг нь бахдан бишрэхээс гадна монголчуудад туслах хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох нь элбэг. Тэдний төлөөлөл болсон Лислэй Эберсол /Lesley Ebersole/ нь АНУ-ын иргэн бөгөөд өдгөө гэр бүлээрээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багт оршин сууж байна.

Тэр 2006 онд Монгол Улсад ирж байсан бол 2009 онд манай аймагт ажиллаж, амьдрахаар гэр бүлийн хамт иржээ. Тэрбээр олон улсын соёл судлаач мэргэжилтэй. Монгол Улсад сайн дурын болон хамтын хөгжлийн ажил хийх зорилготой анх ирж, 4 жилийн турш аймгийн төвд айлын хашаанд зундаа хүлэмжийн ногоо тарьж ургуулах, түүнийгээ бусдад зааж сургах ажил хийжээ. Ингээд өвөлдөө ажилгүй байсан болохоор 2012 оноос мөсөн талбай барьж ажиллуулахын зэрэгцээ Чингис хотын ард иргэд, хүүхэд залуучуудад энэ спортыг зааж сургах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж эхэлжээ.

Түүний сонирхол нь хоккейн спорт бөгөөд анх мөсөн талбай нээх хүсэл сонирхлыг нь ийнхүү хөглөжээ. Анх мөсөн талбай нээх үед гулгаж чаддаг хүмүүс тун ховор байсан учир эхний жил хүмүүст хэрхэн гулгахыг заажээ. Харин хоёр дах жилээсээ хүмүүс хоккейн спортыг илүү ихээр сонирхон суралцсан учир тэдний идэвх зүтгэлээс урамшиж, 2013 онд анхны аймгийн хоккейн тэмцээнийг зохион байгуулсан байна. Тухайн үед Хэрлэн 1-р сургууль, Хан Хэнтий Цогцолбор сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Хэрлэн 4-р сургуулиудын баг тамирчид оролцсоноос Хэрлэн 1-р сургууль тэргүүлж, Тэмүүжин цогцолбор сургууль удаалж байв. Харин 2014 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд өөрийн бэлтгэсэн баг тамирчидтайгаа амжилттай оролцож байр эзлээгүй ч их зүйлийг сурч мэджээ. Үүний дараа жил даагаа нэхэж, 2015 оны 1-р сарын 20-нд болсон Хоккейн УАШТэмцээнд ахлах насны тамирчид нь хүрэл медаль, дунд насны тамирчид нь 4-р байр эзэлсэн амжилт үзүүлж, түүнийг магнай тэнийтэл баярлуулсан гэдэг. Мөн түүний гурван хүү болох Victor Ebersole, Vicent Ebersole, Zachary Ebersole нар нь тус багт орж тоглодог аж.

Тэрбээр " Энэ спорт бол хамгийн гоё сайхан, чанга хатуу, эр зориг, багийн спорт юм. Энэ л спортоор дамжуулан багийн спортыг хөгжүүлэх зорилготой. Учир нь хүний амьдрал олон багтай. Тухайлбал, гэр бүл нэг баг, ажлын хамт олон нэг баг, улс нэг баг байдаг. Тиймдээ ч хамтран ажиллаж сурвал Монгол Улс тэр дундаа Хэнтий аймаг хөгжих болно” гэлээ.

О.Буянхишиг

 

Связанные новости