Ажилчдынхаа 90 хувийг орон нутгаасаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 12:21:08

Солонгос, Монголын хамтарсан “Хотгор шанага” ХХК-ийн нүүрсний уурхай нь 2011 оноос эхлэн Увс аймгийн Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус уурхайн 51 хувийг БНСУ-ын “Кореа Коал” компани, үлдсэн 49 хувийг “Хотгор шанага” компани эзэмшдэг байна.

Тус компанийн ажилчдын 90 гаруй хувь нь Бөхмөрөн сумын уугуул иргэд байна. Харин инженер техникийн ажилчдыг Улаангом болон Улаанбаатар хотоос авчирч ажиллуулдаг аж.

“Хотгор шанага” ХХК-ийн нүүрсний уурхай нь хайгуулын гурван талбайтай бөгөөд эндээ бүр жил хайгуулын ажил хийдэг байна. Харин олборлолтын нэг талбайгаа стандарт нормд нь оруулсан ч олборлолт хийхгүйгээр дөрөв дэх жилдээ явж байгаа аж. Үндсэндээ нүүрс их хэмжээгээр олборлож, гадаад болон дотоодод гаргахын тулд зах зээлээ хайж байгаа гэнэ.

Уурхай байгуулагдсан цагаасаа эхлэн Бөхмөрөн сумтай жил бүр гэрээ байгуулан хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтын ажлууд хийж ирсэн байна. Тухайлбал, 2014 онд сумын 90 жилийн ойгоор бусад уурхайтайгаа хамтран наадмын талбай барьж өгчээ. Мөн олон жил хуримтлагдсан хур хогийг цэгцэлсэн бөгөөд жил бүр хоёр сая төгрөгийн зардал гаргаж сумын хогийн цэгийг дарж устгадаг байна. Өнгөрсөн оны хамтын ажиллагааны гэрээн дээр “Нэг зам” төсөл хэрэгжүүлэхээр зааж, энэ хүрээнд тус уурхай 8 сая төгрөг зарцуулсан байна. Мөн сумын өрх бүрт 2 тн нүүрсийг үнэ төлбөргүйгээр олгодог аж.

Энэхүү уурхай нь дотроо халуун ус, 00-той ажилчдын гурван байртайгаас гадна гал тогоо,  удирдлагын байр, техник хэрэгслийн засварын төвтэй байв. Мөн шаардлагатай техник тоног төхөөрөмж, аюулгүй байдлаар бүрэн хангагдсан, гэрэл цахилгаантай тул ажилчдын ажиллах, амьдрах ая тухтай орчин нөхцөл бүрэн бүрджээ.

Бөхмөрөн сумын нутаг дэвсгэр дээр “Хотгор шанага”, “Хотгор”, “Эрчим” гэсэн гурван уурхай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэднээс зөвхөн “Хотгор шанага” компани л орон нутгаас ажилчид авсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Связанные новости