Туркийн хувьд “хамгийн аюултай орон” нь Орос болсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-14 13:45:44

МОСКВА. /RIA Novosti/. Израиль улс Туркийн хувьд “хамгийн аюултай орон” байхаа больсон байна. Туркийн “Kadir Has” их сургуулиас явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, ийм орнуудын жагсаалтын нэгдүгээрт ОХУ оржээ.

Туркуудын дунд эрх бүхий байгууллагуудад үл итгэх байдал өсөн нэмэгдэж байгааг өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-17-ны хооронд тус улсын 26 хотод явуулсан нийгэм-улс төрийн чиг хандлагын судалгаа харуулсан байна. Хамгийн их итгэдэг байгууллагуудаар туркууд Зэвсэгт хүчин /62.4 хувь/, цагдаагийн байгууллага /51.2 хувь/ болон дээд боловсролын байгууллагыг /49.8 хувь/ нэрлэжээ. Харин өнгөрсөн онд туркууд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд /27.8 хувь/, парламентдаа /31.8 хувь/, улс төрийн намуудад /33.9 хувь/ хамгийн бага итгэсэн байна.

Санал асуулгад оролцогсдын 53.2 хувь нь эдийн засгийн бодлого тэдний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нэг жилийн хугацаанд 8 хувиар өсчээ. Дээрх санал асуулгыг ОХУ 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Анкарад хориг арга хэмжээ авахаас өмнө явуулсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.

Гол “дуулиан” нь 2001 оноос хойш туркууд анх удаа Израиль улсыг “гол гадаад аюул” гэж үзэхээ больжээ. Одоо Туркийн иргэд Анкарагийн хувьд хамгийн аюултай орон нь ОХУ болсон гэж үзэж байна. Дашрамд энэ нь санал асуулгын асуултуудаас хувийг нь тодорхой дурдаагүй цорын ганц асуулт аж.

Түүнчлэн Туркт хэдийгээр амьдралдаа сэтгэл хангалуун байгаа хүмүүсийн тоо 60.7 хувиас 48 хувь хүрч буурсан ч туркуудын 60.4 хувь нь улс орон нь сайн сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Д.Жаргал

 

Связанные новости