“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-15 11:04:02

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг өнөөдөр  Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэхүү форумын зорилго нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийг иж бүрнээр нь хамруулан банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын харилцан уялдсан цогц хөгжил, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж тулгамдаж буй асуудал, боломж, гарцыг хамтдаа тодорхойлох юм.

Форумын үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын урт хугацааны хөгжил ба санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд болж, хуралдааныг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан даргалан явуулж байна. Үндэсний форумыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн. Мөн СЗХ-ны дарга З.Нарантуяа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шулхаммер нар үг хэлэв.

Түүнчлэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Санхүүгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг” сэдвээр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах нь” сэдвээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Санхүүгийн зах зээлийн хөгжлийн стартеги” сэдвээр СЗХ-ны дарга З.Нарантуяа, “Төслийн бодлогын хэтийн төлөв” сэдвээр Сангийн сайд Б.Болор нар илтгэл тавих юм.

Харин форумын үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хууль ба санхүүгийн зах зээлийн хөгжил” сэдвийн хүрээнд болох бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд даргалах юм. Энэ хүрээнд “Улаанбаатар хотыг санхүүгийн төв болгох асуудал-Дубайн олон улсын санхүүгийн төвийн туршлага” сэдвээр Нийслэлийн ЭЗХГ-ын дарга Э.Тэмүүлин, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дэх санхүүгийн маргаан зөрчлийн байдал” сэдвээр ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлагын тасгийн дарга Ч.Өнөрцэцэг, “Санхүүгийн зах зээлийн хөгжилд хуульчдын үүрэг, оролцоо” сэдвээр Б.Баяр нар илтгэл тавина.

Түүнчлэн өнөөдөр үдээс хойш “Хөрөнгө оруулалтын шинэ орчин-санхүүгийн зах зээл”, ”Б” танхимд “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж-ядуурлыг бууруулах арга зам”, “А” танхимд “Банк, даатгалын салбар-хөрөнгийн зах зээл дах бизнесийн шинэ модель”, “Г” танхимд “Компанийн засаглал, аудит, тайлагнал” сэдэвт салбар хуралдаанууд болох юм.

Связанные новости