Монголын сэтгүүлчдийн байгууллагын үе үеийн удирдлагууд уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-01-18 17:56:12

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 65 жилийн ойг тохиолдуулан Сэтгүүлчдийн байгууллагын үе үеийн удирдлагууд, ажилтнууд өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд уулзалт зохион байгууллаа.   

Монголын сэтгүүлчдийг өөрийн гэсэн мэргэжлийн төв байгууллагатай болгох шийдвэр 1951 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр анх гарч байжээ. Энэ өдөр МАХН-ны Төв хорооны тогтоол гарч Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн дэргэд “Сэтгүүлч нарын секц байгуулах тухай” шийдвэрлэж, энэ ажлыг зохион байгуулах товчооны даргаар Гомбын Жамцыг 10 дугаар сарын 25-нд тогтоол гарган дэргэдээ Монголын сэтгүүлчдийн хороог байгуулж, даргаар нь О.Пунцагийг томилсон байна. 

Монголын сэтгүүлчдийн байгууллагын даргын ажлыг О.Пунцаг, Ж.Зундуй, Ц.Намсрай, Л.Түдэв нарын “Үнэн” сонины эрхлэгч, орлогч эрхлэгчийн албан тушаалтай хүмүүс хавсран хашиж байгаад 1990-ээд оны эхээр бие даасан орон тооны удирдлагатай болж, Ц.Мөнхжаргал, С.Цэрэндорж, Ц.Бат-Орших, С.Батмөнх, Ц.Дашдондов, До.Цэнджав, Т.Баасансүрэн, Д.Сарангэрэл нар Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв.

МСЭ-ийн түүхт 65 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд зохион байгуулсан өнөөдрийн уулзалтад сэтгүүлчдийн төв байгууллагын үе үеийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нар оролцсон юм. Тухайлбал уулзалтад СГЗ Х.Цэвлээ, Ц.Дашдондов, Т.Баасансүрэн, Б.Чантуу, Б.Пүрэвдаш, Ү.Хүрэлбаатар, Д.Цэнджав, Төрийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Д.Нямаа нарын ахмад сэтгүүлч, сэтгүүлчдийн байгууллагын үе үеийн удирдлагууд, мөн сэтгүүлчдийн байгууллагын ахмад ажилтнууд хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцан, чөлөөт ярилцлага өрнүүлэв.

МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид уулзалтын үеэр “Ирээдүйн сэтгүүлчдийн байгууллагын хөгжил биднээс маш их хариуцлага шаардаж байна. Ялангуяа цаасан хэвлэл, радио, телевизийн мэдээлэл цахим руу шилжиж байгаа нь их онцлогийг харуулж байна. Энэ үед бидэнд хоёр чиглэлд хамтарч ажиллах шаардлага гарсан. Өнгөрсөн цаг хугацаанд хийж амжаагүй, хийх боломжгүй байсан ажлыг гүйцээх шаардлагатай болсон. Мөн ирээдүйгээ хандсан сэтгүүл зүйн зөв суурийг тавих хэрэгцээ шаардлага гарч байна” гэлээ. Мөн энэ жилийн турш ойн цуврал арга хэмжээг зохион байгуулах гэж байгааг танилцуулав.  

МСЭ-ээс ойн жилийн хүрээнд Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын түүхэн он цагийн товчооныг хэвлэн гаргах, өмнөх үеийн дарга удирдлагуудын тухай хөрөг нийтлэл, нэвтрүүлэг хийлгэх, яриа дурсамжийг нь архивлах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Н.Туяа

Связанные новости