АЭХ-ны тэргүүнээр С.Одонтуяаг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-19 01:23:22

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны /АЭХ/ шинэ тэргүүнээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа сонгогдлоо.

АЭХ-ны дөрөвдүгээр чуулган өчигдөр Төрийн ордонд болж, тус холбооны шинэ тэргүүнийг сонгох сонгуульт ажил явуулсан юм. Холбооны тэргүүнд нийт 11 нэр дэвшигч өрсөлдөхөөр батламж гардаж авсан ч чуулганаас өмнө З.Нарантуяа, чуулганы үеэр Л.Нармандах, Л.Эрдэнэчимэг, Г.Байгальмаа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэрээ татаж авсанаа мэдэгдсэн. Ингэснээр холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Г.Хажидмаа, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар өрсөлдөн, санал хураалт явуулах болсон юм.

Эхний санал хураалтаар АН-ын “Алтангадас” фракцын гэгддэг Б.Ургамалцэцэгээс “Шонхор” фракцийн С.Одонтуяа 13 саналаар давуу гарсан ч дүн маргаантай гэгдэж дахин санал хураасан юм. Ингээд дахин санал хураалт явуулахад Б.Ургамалцэцэг 313, С.Одонтуяа 314 санал авч, АЭХ-г УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүлэхээр боллоо. Шинэ тэргүүнд АЭХ-г удирдаж байсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл халаагаа шилжүүлж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. Үүгээр АЭХ-ны дөрөвдүгээр чуулган өндөрлөв.

Н.Гантуяа

Связанные новости