Ипотекийн зээлийн хууль эрх зүйн орчин өнөөдрөөс нээгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-19 10:42:52

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төсөлд бага хүүтэй, урт хугацаатай Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн үргэлжлэх боломжийг тусгасан юм. Өөрөөр хэлбэл, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй. Харин худалдан борлуулах, эрх шилжүүлэх бол барьцаалагчаас зөвшөөрөл авахаар хуулинд тусгаад буй.

Хуулийн төслийг байнгын хорооны түвшинд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан байсан. Иймд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 86.5 хувийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд хууль хэзээнээс хэрэгжинэ гэж хуулийн төсөлд тусгасан болохыг УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодруулахад тэрбээр "Баталсан өдрөөс нь хуулийг дагаж мөрдөнө" гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн гэсэн тайлбар хийсэн. Үүгээр гацаанд ороод байсан ипотекийн зээлийн хууль эрх зүйн орчин өнөөдрөөс сэргэв.

Б.Туул

Связанные новости