Барилгын салбарт 3 их наяд төгрөгийн өрийн сүлжээ үүсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-19 16:00:48

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  өнөөдөр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулж, зогсонги байдалд ороод байсан ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох болсонтой холбогдуулан барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд мэдээлэл хийлээ.

Ипотекийн зээл зогсч, барилгын салбар уналтад орсонтой холбогдуулан “Монголын барилгын үндэсний ассоциаци”, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо” зэрэг барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 8 ТББ хамтран энэ сарын 20-нд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байв. Жагсаалаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох, зээлийн хүүг 5 хувь, урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгож, хугацааг уртасгахыг шаардахаар төлөвлөж байсан бөгөөд УИХ-ын чуулганаар уг асуудлыг шийдвэрлэсэн тул жагсаалаа цуцалсан байна.

Орон сууцны зээл зогссоноос хойш барилгын компани, банк болон барилгын материал үйлдвэрлэгчдийн дунд нийт 3 их наяд төгрөгийн өрийн сүлжээ үүссэн. Мөн тус салбарт ажиллаж буй олон мянган залуус цалингаа авч чадахгүйд хүрээд байсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулсан нь дээрх хуримтлагдаад байсан асуудлыг шийдвэрлэхэд томоохон түлхэц үзүүлэх юм. Мөн орон сууцанд орохоор хүлээж байсан олон мянган иргэний эрх ашигт нийцсэн чухал хууль болсон гэдгийг “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Б.Нэмэхбаатар хэллээ.

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд УИХ болон Засгийн газрыг гацаанд ороод байсан ипотекийн асуудлыг шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийлээд дагалдан гарах журам, дүрмийг цаг алдалгүй батлахыг хүслээ.

Ч.Ариунболд

Связанные новости