УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-19 16:33:06

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн барив.

Тэрбээр Дубайд айлчлах үеэрээ Ерөнхий сайд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан хэмээн үзэж, огцруулах бичгийг санаачлан УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан юм.

Тус саналд нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар ийнхүү өргөн барих эрх нь үүссэн байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг уг бичигт гарын үсэг зурсан гэж байсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай саналаасаа нэрээ татсан аж.

Ингэснээр Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар уг саналд гарын үсэг зуржээ.

Б.Туул

Связанные новости