Аймгийн Засаг дарга өвөлжилт хүндэрч байгаа сумдад 15 тонн өвс үнэгүй олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 15:44:10

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Цагаан-Уул суманд ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцан, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн биелэлтийг тайлагнаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсчээ.

Жаргалант, Цэцэрлэг,Галт  сумуудад цас их унасан, өвөлжилт хүндэрч байгаа учраас аймгийн нөөцөөс 15 тонн өвсний үнийг чөлөөлж  үнэгүй олгосон байна. Мөн Онцгой байдлын Ерөнхий газраас  улсын нөөцөөс нөхөн хангалт хийсэн тохиолдолд өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй олгох шийдвэр гаргажээ. Засаг даргыг орон нутагт ажиллах үеэр иргэд ноосны урамшуулалыг нөхөж олгох, арьс ширний урамшуулалыг яаравчлах шаардлагатай, эрүүл мэндийн төвүүдэд мэргэжлийн эмч нар дутагдалтай байгаа зэрэг тулгамдаж буй асуудлаа тавьж нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Шинэ оны эхний улиралд бүх суманд хүрч ажиллах зорилт дэвшүүлсэн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг эхний ээлжинд өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад ажилласан бол дараагийн ээлжинд Дархадын болон хойд сумдад ажиллах гэнэ.

Б.Гантуяа

 

Связанные новости