Мексикийн нийслэл хот статусаа өөрчилж, муж болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-21 12:18:44

МЕХИКО. /RIA Novosti/. Мексикийн нийслэл хотын статусыг өөрчилж, нийслэл хотын холбооны тойрогт “Мехико хот” гэдэг шинэ муж байгуулахтай холбоотой улс төрийн шинэчлэлийг тус улсын парламент лхагва гарагт баталжээ.

Үүнээс өмнө Мексик 31 муж болон бие даасан нутаг дэвсгэрийн тусдаа нэгж болох онцгой статус бүхий холбооны нэг тойрогтой байсан байна. 1824 оноос хойш энэ тусгай нутаг дэвсгэрийн нэгжид Мексикийн төв засгийн газар байрладаг байсан бөгөөд нэг ч мужид харьяалагддаггүй байжээ.

“Үндсэн хуульд суурилсан бөгөөд бидний үнэ цэнэ, итгэл найдварт нийцсэн амьдралын шинэ үе шат Мехикод эхэлж байна” гэж холбооны тойргийн одоогийн тэргүүн Мигель Анхель Мансер Конгресс шинэчлэлийг баталсан тухай мэдээлсний дараа “Twitter” сүлжээн дэх хуудсандаа бичжээ.

Дээрх шинэчлэл нь Мехико хотод тэгш эрхтэй нутаг дэвсгэрийн субъектын хувиар үнэхээр их боломж олгоно. Тухайлбал, хот өөрийн гэсэн Үндсэн хуулийг батлах боломжтой, санхүү болон татварын хувьд төв засгийн газрын шийдвэрээс хамааралгүй болно. Түүнчлэн Мехикогийн нутаг дэвсгэр-засаг захиргааны хуваарилалт өөрчлөгдөх бөгөөд ингэснээр улсын нийслэл хотын статусаа алдахгүй юм.

Парламентын шийдвэрийг Мексикийн Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар болон албан ёсны сонинд нийтлүүлэхээр илгээжээ.

Д.Жаргал

 

Связанные новости