Өдөрт 100-150 авто машинд улсын шинэ дугаар олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-21 13:20:18

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Авто тээврийн үндэсний төвийн импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын үйлчилгээг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх шийдвэр гарсан.

Шинээр авто машин, тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, импортоор оруулж ирж байгаа иргэд Авто худалдааны цогцолборт бүртгэлээ хийлгэж, татвар, даатгалдаа хамран, улсын дугаар авах зэрэг үйлчилгээг авч байна.

Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалангаас энэ талаар тодруулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс Зам тээврийн сайд М.Зоригтод тавьсан хүсэлтийн дагуу Нийслэлийн засаг даргатай байгуулсан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааны зарим хэсгийг, зохих хязгаартай Авто худалдааны цогцолбор руу шилжүүлж ажиллахыг Авто тээврийн үндэсний төвд үүрэг болгосон. Үүний дагуу  Авто худалдааны цогцолборт импортын бүртгэлийн хэсгийг шилжүүлж, бүртгэлийн хэлтсийн  11 хүн ажиллаж байна. Авто худалдааны цогцолборт  өдөрт шинээр 100-150 орчим тээврийн хэрэгсэл бүртгэж, улсын дугаар олгож байна. Мөн  Багануур дүүргийг оролцуулахгүйгээр нийслэлд 7 цэгт Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Үүний таван цэгийг татан буулгаж, хотын төв дэх хоёр цэгийг "Аса" цирк буюу "Рояал Плаза" ХХК-ийн байр, Баянгол дүүргийн техник хяналтын төвд байрладаг "Хөсөг трейд" ХХК-ийн байранд тус тус шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийж, байгааг дуулгая. Харин  импортын бүртгэлийг Авто худалдааны цогцолборт дагнан хийж байна. 

Ж.Батсайхан
 

Связанные новости