Энхийг сахиулах ажиллагаанд Монголын 12 мянга гаруй цэрэг оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-21 14:19:19

Шийдлийн Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, салбарын ажлынхаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 

Ц.Цолмон сайдтай хамт ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ж.Бадамбазар нар оролцлоо. 
УИХ-аар өнгөрөгч 2015 онд Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг баталсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавьсан гэдгийг сайд мэдээллийнхээ эхэнд онцлов. Энэ хүрээнд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байгаа аж. Түүнээс гадна Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулаад байгаа юм байна. 
Батлан хамгаалах салбарын хэмжээнд Монгол Улсын бүх 330 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нартай хамтран 2015 онд нийт 12 олон улсын болон хамтарсан сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулжээ. Тодруулбал олон улсын “Хааны эрэлд-2015”, ОХУ-тай “Сэлэнгэ-2015”, БНХАУ-тай “Анчин бүргэд-2015”, АНУ-тай "Баланс мажик", БНТУ-тай "Нүүдэлчин дайчид", Япон улстай “Зам-2015” сургалт, дадлага сургуулиудыг зохион байгуулсан байна. 
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо жил ирэх тусам нэмэгдэж, 2002 оноос хойш давхардсан тоогоор 12.000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1185 цэргийн алба хаагч нь ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Афганистан Улсад явж буй олон улсын цэргийн ажиллагаанд 346, АНУ-ын Төвийн командлалын төлөвлөлтийн бүлэгт 3, НҮБ-ын энхийг сахиулах 6 ажиллагаанд 895, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх 1, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Цэргийн харилцааны хэлтэст 1 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Манай улсын энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ удирдах төвшинд ч байр сууриа бэхжүүлсээр байгаа юм. НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны Хойд секторын командлагчаар ажилласан бригадын генерал Д.Баярсайханы албанд хурандаа С.Амарсайхан үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицероор дэд хурандаа Г.Болор ажиллаж байна.
Үүнээс гадна тус салбарт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 1000 орчим оюутныг хамруулан, алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулсныг салбарын сайд нь онцолж байв. Цэргийн алба хаагчдыг орон сууцжуулахаар алба хаагчдаа ипотекийн зээлд хамруулахаар "ХААН" банк, Төрийн орон сууцны корпораци, Монголын барилгачдын холбоотой мөн хамтран ажиллаж байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Связанные новости