Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс осол, аваар гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 15:08:11

Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй болон болгоомжгүй байдлын улмаас аваар, осол гарсаар байна. 2015 онд аймгийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс үүдэлтэй осол гэмтэл багагүй гарчээ.

Тодруулбал ЭБЦТС-ын Өвөрхангай салбарын шуурхай үйлчилгээ, засварын ажилтан Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дээр кабель утас тасарсныг засварлах явцдаа зориулалтын хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байснаас осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Ноос-Ирээдүй ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын угаах цехийн ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, ээлжийн ахлагч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг өгөөгүйгээс осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдсан юм.

Мөн Уянга сумын иргэн “Даллагын хас” ХХК-ийн уурхайн тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийж байх явцдаа эксковаторын шанагаар өргөж байсан төмөрт цохиулж нас барсан бол тус суманд нөхөн сэргээлтийн үйл ажилагаа эрхлэж буй “Зулбуян-Ундрах ХХК-ийн өөрөө өргөгч машины оператор тээврийн хэрэгсэлтэйгээ хиймэл нууранд унасан, Хужирт суманд Жем констракшн ХХК-ийн барьж буй барилгын шатнаас хүн унаж нас барсан гэх зэрэг осол эндэгдэл гарсан байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэлийн осол гаргасан 3 аж ахуйн нэгжид 5760,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. 

Б.Батчимэг

Связанные новости